Тит 3:1-15
Тит 3:1-15 АБ2013
Удирдагчид ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай байж, аливаа сайн үйлд бэлэн байн, хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх талаар даруу байдлыг бүх хүнд харуулахыг тэдэнд сануул. Учир нь бид бас өөрсдөө урьд нь мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зугаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, бие биенээ үзэн ядаж, үзэн ядагдаж байв. Харин бидний Аврагч Бурханы энэрэл болон хүний төлөөх хайр нь ил болоход Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм. Тэрээр Ариун Сүнсийг бидэн дээр Аврагч Есүс Христээр маань дамжуулан арвин асгав. Түүний нигүүлслээр зөвтгөгдсөнөөр бид мөнх амийн найдварын дагуу өвлөгчид болох юм. Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн нь сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Энэ нь сайн бөгөөд хүмүүст тустай. Харин мунхаг маргалдаан, угийн бичиг, Хуулийн талаарх мэтгэлцээнээс зугт. Ингэх нь ашиггүй хийгээд зохисгүй. Зөрчилдсөн хүнээс анхны ба хоёр дахь удаагийн сануулгын дараа татгалз. Тийм хүн гажууд бөгөөд нүгэл үйлдэж, өөрийгөө ялладгийг мэд. Би Артемийг юмуу Тухикийг чам уруу илгээх үед чи Никопольд над дээр яаралтай ирээрэй. Тэнд өвлийг өнгөрөөе гэж би шийдлээ. Хуульч Зен, Апол нарт аян замд нь хичээнгүйлэн туслаарай. Тэгвэл тэд дутагдах зүйлгүй болно. Мөн манайхан үр жимсгүй байхгүйн тулд зайлшгүй хэрэгцээний төлөө сайн үйлсэд зүтгэхэд суралцаг. Надтай хамт байгаа бүх хүн чамд мэнд хүргэж байна. Итгэл дотор биднийг хайрлагсдад мэнд уламжлаарай. Нигүүлсэл нь та бүгдэд байх болтугай.