Соломоны дуун 4

4
Сүйт бүсгүйн гоо үзэсгэлэн
1Амраг минь чи
юутай сайхан
А-яа бүр дэндүү сайхан
Гивлүүрэн цаанаа
тагтаан адил нүдтэй
Гилеад уул энгэрлэн буух
ямаан сүрэг мэт үстэй
2Хяргуулаад сая
угаалгаас гарсан
Хонин сүрэг мэт шүдтэй
Эдний дунд
хурга хаясан нь үгүй
Ихрийг бүгд тээсэн гэлтэй.
3Уруул юуг чинь хэлвэл
улаан ягаахан тасам
ам чинь дур булаам
Хацар шанаа чинь
гивлүүр цаанаа
анар жимсний зүсэм
4Хүзүү шил чинь гэвээс
хүчирхэг эрсийн зэмсэг
Мянган бамбай чимэглэсэн
Давидын цамхаг мэт тансаг
5Хоёр хөх чинь
сараана дунд идээшлэх
гөрөөсний ихэр янзага
6Өдрийн амьсгааг сэргэтэл
Үнэгэн харанхуйг үргэтэл
Миррийн уулс,
гүглийн толгод тийш
Миний бие
тэмүүлэн одмуй.
7Өвч биеэрээ
миний хайрт чи үзэсгэлэнтэй
Өө сэв чамд минь ер үгүй.
8Сүйт бүсгүй минь,
надтай хамт Ливанаас яваач.
Хамтдаа надтай
Ливанаас одож,
Аманагийн оргилоос,
Сенир, Хермоны оройгоос,
Арслангийн үүрнээс,
ирвэсийнн уулнаас
аялж бууж ирээч.
9Хонгор дүүдэй,
сүйт бүсгүй чи минь
Зүрх юуг минь догдлуулав.
Халтихан ганц харцаараа
Зүүлт ганцхан сондроороо
Зүрх юуг чинь догдлуулав.
10Хонгор дүүдэй,
сүйт бүсгүй минь
Халуун янаглал чинь
юутай амттай
Халуун тэр янаглал нь дарснаас
Ханхлах тос нь
алив үнэртнээс давуутай.
11Сүйт бүсгүй минь,
уруул чинь балыг дуслуулмуй
Сүү бал хоёр
хэл дор чинь баймуй
Хувцасны чинь анхилал
Ливаны анхилаан амуй.
12Хаалттай нэгэн цэцэрлэг
Сүйт бүсгүй, дүүдэй минь
Хаалттай булаг,
лацадсан худаг.
13Уг суваг чинь
анарын цэцэрлэг агаад
Шилдгийн шилдэг жимстэй
14Задь хийгээд суман цэцэг,
шанц болоод годоль
Гүргэм бас суман цэцэг
гүглийн хамаг мод
Мирр болон зуун насттай
15Цэцэрлэгийн нэгэн булаг
амьд усны худаг
Ливанаас ундрах горхин.
16Умрын салхи аа, босоорой,
өмнийн салхи аа, ирээрэй.
Цэцэрлэгт минь сэвэлзэнхэн
Сэнгэнэм үнэрийг нь тараагаарай
Хайрт минь чи
цэцэрлэгтээ ирээрэй
Хамгийн шилдэг
жимсийг нь идээрэй.

Одоогоор Сонгогдсон:

Соломоны дуун 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү