Рут 2:4-17

Рут 2:4-17 АБ2013

Харагтун, Боаз Бетлехемээс ирж, тариа хадагчдад —ЭЗЭН та нартай хамт байх болтугай гэхэд тэд —ЭЗЭН таныг ивээх болтугай хэмээн хариулав. Тэгээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцдаа —Тэр хэний бүсгүй вэ? гэв. Тариа хадагчдыг хариуцсан зарц —Тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн моаб эмэгтэй юм. Тэр эмэгтэй “Тариа хадагчдын араас, юүжилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч” гэсэн. Тэгээд тэр ирж, өглөөнөөс одоо хүртэл энд байна. Тэр гэрт түр зуур л сууж байгаа гэв. Тэгээд Боаз Рутад —Охин минь, намайг сонс. Түрүү түүх гэж өөр тариан талбайд очих хэрэггүй. Эндээс бүү яв. Харин эндээ миний шивэгчингүүдийг түш. Чи тэдний хадах талбайг харж, цуглуулагчдын араас яв. Чамд хүрч болохгүй гэж би зарц нартаа тушаасан. Чи ундаасахаараа усны сав уруу очиж зарц нарын утгаснаас уу! гэв. Тэр эмэгтэй нүүрээ газар унан мөргөж —Би гаднын хүн атал яагаад таны нүдэнд тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв. Боаз түүнд —Нөхрийгөө өөд болсны дараа хадам эхдээ чиний хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг эхээ болон төрөл садангийнхаа нутгийг орхин, таньж мэдэхгүй ард түмэн уруу явсан тухай чинь надад бүрэн мэдэгдсэн. ЭЗЭН чиний энэ ачит үйлийг сайнаар хариулах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шан хөлс чамд дүүрэн байг! Түүний далбаан дор хоргодох газар хайн иржээ чи гэж хариулав. Тэгэхэд тэр —Таны шивэгчингүүдийн нэгтэй нь ч эн зэрэгцэхгүй билээ би. Гэвч таны нүднээ би тааллыг тань олсоор байг, эзэн минь. Та намайг тайтгаруулж, шивэгчин миний зүрх сэтгэлд ярилаа гэж хэлэв. Хоолны цаг болоход Боаз түүнд —Нааш ойрт, талхнаас ид, хугалж авсан талхаа цуунд дүр гэсэнд тэр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан тариа хүртэл өгсөнд тэр идэж цадаад, бас заримыг нь үлдээв. Түүнийг түрүү түүж цуглуулахаар босоход Боаз зарц нартаа тушаан —Тэр юүжилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг! Та нар түүнд мууг бүү үйлд! Харин ч тариа багцлахдаа түүнд зориулан зориуд хэсэг түрүүг хэсэгчлэн үлдээж, түүнд түүлгэхээр орхи! Түүнийг бүү зэмлэ гэв. Ингээд үдэш болтол тариан талбайд тэр түрүү түүгээд түүсэн тариагаа цохиход нэг ефа арвай болов.