Рут 2:14-23
Рут 2:14-23 АБ2013
Хоолны цаг болоход Боаз түүнд —Нааш ойрт, талхнаас ид, хугалж авсан талхаа цуунд дүр гэсэнд тэр тариа хадагчдын дэргэд суув. Боаз түүнд хуурсан тариа хүртэл өгсөнд тэр идэж цадаад, бас заримыг нь үлдээв. Түүнийг түрүү түүж цуглуулахаар босоход Боаз зарц нартаа тушаан —Тэр юүжилсэн тариан дунд ч хаягдсан түрүүг түүг! Та нар түүнд мууг бүү үйлд! Харин ч тариа багцлахдаа түүнд зориулан зориуд хэсэг түрүүг хэсэгчлэн үлдээж, түүнд түүлгэхээр орхи! Түүнийг бүү зэмлэ гэв. Ингээд үдэш болтол тариан талбайд тэр түрүү түүгээд түүсэн тариагаа цохиход нэг ефа арвай болов. Тэр үүнийгээ авч, хот уруу явж очиход хадам эх нь түүний цуглуулсныг харав. Цадталаа идээд үлдээж хадгалсан өнөөх зүйлээ тэр бас гаргаж хадам эхдээ өгөв. Хадам эх нь түүнд —Чи өнөөдөр хаанаас түүв? Чи хаана ажилласан бэ? Чамайг харж үзсэн тэр хүн ерөөгдөх болтугай гэв. Ингээд тэр хэнийх дээр ажилласан тухайгаа хадам эхдээ сонордуулан —Өнөөдөр хамт ажилласан тэр хүний нэрийг Боаз гэдэг хэмээн ярьтал, Наоми бэрдээ —ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсоодоггүй ЭЗЭН билээ гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин —Тэр хүн чинь бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Мөн тэр л бидний өвийг хойчдоо золин авах эрх бүхий нэгэн юм гэв. Тэгтэл моаб эмэгтэй Рут —Тэр хүн бас “Миний зарц нар бүх ургацыг минь хурааж дуусах хүртэл чи тэднийг түш” гэж надад хэлсэн гэв. Наоми өөрийн бэр Рутад —Охин минь, тэр хүний шивэгчингүүдтэй гарах нь дээр шүү. Эс тэгвээс өөр тариан талбайд хүмүүс чамд халдах вий дээ гэв. Тийнхүү тэрээр арвай бас буудай хураалт дуустал хаягдал түрүү түүхээр Боазын шивэгчингүүдэд ойр байж тэднийг түшсэн бөгөөд хадам эхтэйгээ тэрээр хамт амьдран суув.