Рут 1:1-22
Рут 1:1-22 АБ2013
Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутаг оронд өлсгөлөн болов. Нэгэн эр Иудагийн Бетлехемээс эхнэр бас хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутагт цагаачлан суухаар явав. Тэр хүний нэр нь Елимелех, эхнэрийнх нь нэр Наоми, хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион гэдэг байв. Тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутаг дэвсгэрт орж ирээд, тэндээ байхаар үлдэв. Тэгтэл Наомигийн нөхөр Елимелех өөд болсонд, тэрээр хоёр хөвгүүнтэйгээ хоцров. Тэд өөрсдөдөө моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэр Орпа, нөгөөгийнх нь нэр Рут байв. Тэд тэндээ арваад жил амьдарчээ. Тэгтэл бас Махлон, Хилион нар хоёул үхэв. Ингээд тэр эмэгтэй хоёр хөвгүүн ч үгүй, нөхөр ч үгүй хоцорчээ. ЭЗЭН Өөрийн ард түмэнд хоол хүнс өгөхөөр ирснийг Моабын нутагт сонсоод тэрээр бэрүүдийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босон явав. Ингээд тэр бэрүүдтэйгээ байсан газраа орхин Иудагийн нутаг уруу буцахаар замд гарчээ. Наоми хоёр бэрдээ —Явцгаа, өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нар өөд бологсдод маань болон надад хэрхэн хандсаны адил ЭЗЭН та нарт мөн энэрэл хайраар хандах болтугай! ЭЗЭН та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амар тайван байлгаж соёрхох болтугай хэмээн өгүүлээд тэднийг үнссэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдаж — Бид заавал таны ард түмэн уруу тантай хамт буцмаар байна гэж түүнд хэлэв. Харин Наоми —Буцагтун, охид минь! Яагаад та нар надтай хамт явах гээд байгаа юм? Та нарт нөхөр болчихоор хөвгүүд миний хэвлийд одоо бий юу? Буцагтун, охид минь, явцгаагтун. Нөхөрт гарахад би дэндүү хөгшдөнө. Найдвар тасраагүй гээд энэ шөнө нөхөрт гарлаа гэж бодоход төрөх хөвгүүдийг том болж өстөл нь та нар хүлээх үү? Тэр болтол та нар бусдын эхнэр болохоос татгалзан тусдаа байх уу? Үгүй ээ, охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад гашуун байна. Учир нь ЭЗЭНий мутар миний эсрэг байсан юм гэв. Тэд дахин дуугаа улам өндөрсгөн уйлалдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнээс зүүгдэв. Тэгтэл тэр —Хараач, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцаж явлаа. Чи ч бас авьсаныхаа араас буц гэв. Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг! гэв. Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнийг дахин ятгасангүй. Тэгээд тэр хоёр явсаар Бетлехемд хүрч ирлээ. Тэднийг Бетлехемд иртэл бүх хотынхон тэднээс болоод шуугилдацгааж, эмэгтэйчүүд нь —Энэ чинь Наоми мөн үү? гэлцэв. Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс Хүчит Нэгэн намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара гэж л дууд. Би дүүрэн гарч явсан боловч ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс Хүчит Нэгэн надад муугаар хандсан тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ. Харин Моабын нутгаас ирэхдээ Наоми өөрийн бэр моаб эмэгтэй Руттай хамт эргэж ирэв. Тэд арвай хурааж эхлэх үеэр Бетлехемд иржээ.