Рут 1

1
Елимелехийнхэн Моабыг зорив
1Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутаг оронд өлсгөлөн болов. Нэгэн эр Иудагийн Бетлехемээс эхнэр бас хоёр хөвгүүнийхээ хамт Моабын нутагт цагаачлан суухаар явав. 2Тэр хүний нэр нь Елимелех, эхнэрийнх нь нэр Наоми, хоёр хөвгүүнийх нь нэрийг Махлон ба Хилион гэдэг байв. Тэд Иуда дахь Бетлехемийн ефрат хүмүүс ажээ. Тэд Моабын нутаг дэвсгэрт орж ирээд, тэндээ байхаар үлдэв. 3Тэгтэл Наомигийн нөхөр Елимелех өөд болсонд, тэрээр хоёр хөвгүүнтэйгээ хоцров. 4Тэд өөрсдөдөө моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэр Орпа, нөгөөгийнх нь нэр Рут байв. Тэд тэндээ арваад жил амьдарчээ. 5Тэгтэл бас Махлон, Хилион нар хоёул үхэв. Ингээд тэр эмэгтэй хоёр хөвгүүн ч үгүй, нөхөр ч үгүй хоцорчээ.
Наоми ба бэрүүд
6ЭЗЭН Өөрийн ард түмэнд хоол хүнс өгөхөөр ирснийг Моабын нутагт сонсоод тэрээр бэрүүдийнхээ хамт Моабын нутгаас буцахаар босон явав. 7Ингээд тэр бэрүүдтэйгээ байсан газраа орхин Иудагийн нутаг уруу буцахаар замд гарчээ. 8Наоми хоёр бэрдээ
—Явцгаа, өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нар өөд бологсдод маань болон надад хэрхэн хандсаны адил ЭЗЭН та нарт мөн энэрэл хайраар хандах болтугай! 9ЭЗЭН та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амар тайван байлгаж соёрхох болтугай хэмээн өгүүлээд тэднийг үнссэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдаж
10Бид заавал таны ард түмэн уруу тантай хамт буцмаар байна гэж түүнд хэлэв. 11Харин Наоми
—Буцагтун, охид минь! Яагаад та нар надтай хамт явах гээд байгаа юм? Та нарт нөхөр болчихоор хөвгүүд миний хэвлийд одоо бий юу? 12Буцагтун, охид минь, явцгаагтун. Нөхөрт гарахад би дэндүү хөгшдөнө. Найдвар тасраагүй гээд энэ шөнө нөхөрт гарлаа гэж бодоход төрөх хөвгүүдийг 13том болж өстөл нь та нар хүлээх үү? Тэр болтол та нар бусдын эхнэр болохоос татгалзан тусдаа байх уу? Үгүй ээ, охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад гашуун байна.#1:13 эсвэл та нарыг өрөвдөж байна. Учир нь ЭЗЭНий мутар миний эсрэг байсан юм гэв. 14Тэд дахин дуугаа улам өндөрсгөн уйлалдав. Орпа хадам эхийгээ үнсэж, харин Рут түүнээс зүүгдэв. 15Тэгтэл тэр
—Хараач, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа#1:15 эсвэл бурхан буцаж явлаа. Чи ч бас авьсаныхаа араас буц гэв. 16Харин Рут
—Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. 17Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар#1:17 эсвэл үхлээр ч болов танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг! гэв. 18Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнийг дахин ятгасангүй.
19Тэгээд тэр хоёр явсаар Бетлехемд хүрч ирлээ. Тэднийг Бетлехемд иртэл бүх хотынхон тэднээс болоод шуугилдацгааж, эмэгтэйчүүд нь
—Энэ чинь Наоми мөн үү? гэлцэв. 20Тэрээр тэдэнд
—Намайг Наоми#1:20 Наоми: евр. “тааламжтай” гэсэн утгатай. гэж битгий дууд. Учир нь Төгс Хүчит Нэгэн намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара#1:20 Мара: евр. “гашуун” гэсэн утгатай. гэж л дууд. 21Би дүүрэн гарч явсан боловч ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс Хүчит Нэгэн надад муугаар хандсан тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ. 22Харин Моабын нутгаас ирэхдээ Наоми өөрийн бэр моаб эмэгтэй Руттай хамт эргэж ирэв. Тэд арвай хурааж эхлэх үеэр Бетлехемд иржээ.

Одоогоор Сонгогдсон:

Рут 1: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү