Ром 9:1-19

Ром 9:1-19 АБ2013

Би худал яриагүй, Христ дор үнэнийг хэлж байна. Миний мөс чанар Ариун Сүнсээр надад гэрчилж байгаачлан зүрхэнд минь маш их уйтгар гуниг, байнгын зовуур байна. Мах биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болох минь гэж хүсэж байлаа. Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм. Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен. Гэвч энэ нь Бурханы үг хүчингүй болсон хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд израиль биш. Тэд Абрахамын үр ч гэлээ бүгд түүний хүүхдүүд гэсэн үг биш харин «Исаакаас гарсан нь л чиний үр удам гэж нэрлэгдэх болно» гэжээ. Махбодын хүүхдүүд нь Бурханы хүүхдүүд биш харин амлалтын хүүхдүүд нь үр гэж тооцогдсон. Учир нь «Би өдий үед эргэж ирнэ. Сара хүүтэй болно» гэжээ. Энэ бол амлалтын үг юм. Зөвхөн энэ ч биш, Ребека бас бидний эцэг Исаак хэмээх нэгэн эрээс хөл хүндтэй болсон. Хүүхдүүдийг хараахан төрөөгүй, ямар ч сайн, муу зүйл үйлдээгүй байхад нь Бурханы сонголтын зорилго нь үйлсээр бус, харин Дуудагчийн улмаас байхын тулд «Том нь багадаа зарцлагдана» гэж эхэд нь айлдсан ажээ. Энэ нь «Би Иаковыг хайрлаж, Есавыг үзэн ядсан» гэж бичигдсэнчлэн юм. Тэгвэл бид юу хэлэх вэ? Шударга бус юм Бурханд байдаг уу? Огт үгүй! Учир нь Тэр Мосед «Би өршөөх хүнээ өршөөнө. Би өрөвдөх хүнээ өрөвдөнө» гэж айлдсан юм. Ингэхлээр энэ нь хүсдэг эсвэл хичээдэг хүнээс биш, харин өршөөлт Бурханаас хамаардаг ажгуу. Бичвэр «Өөрийнхөө хүчийг чамаар үзүүлж, Миний нэр дэлхий даяар тунхаглагдахын тулд чухам энэ л зорилгоор Би чамайг босгов» гэж Фараонд айлджээ. Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг. Тэгвэл чи надад «Яагаад Тэр өнөөг хүртэл өө хайсаар байна вэ? Хэн Түүний хүслийг эсэргүүцэж чадах юм бэ?» гэж хэлнэ.