Ром 8:18-25

Ром 8:18-25 АБ2013

Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. Учир нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэхийг бүтээл нь тэсэж ядан хүлээдэг юм. Учир нь бүтээл өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан боловч найдвар дор бүтээл өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд очих юм. Өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ. Зөвхөн үүнд ч биш, харин бас бид, өөрсдөдөө Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэж ядан хүлээдэг. Учир нь бид ийм найдвараар аврагдсан. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна? Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг.