Ром 8:12-30

Ром 8:12-30 АБ2013

Тиймд ах дүү нар аа, бид махбодын дагуу амьдрахын төлөө байдаг махбодын өртөнгүүд биш. Учир нь хэрэв та нар махбодын дагуу амьдарвал үхэх ёстой. Харин та нар Сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно. Учир нь Бурханы Сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хөвгүүд юм. Дахин айдаст хүргэх боолчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн Сүнсийг авсан билээ. Түүгээр бид «Ааба! Аав аа!» гэж дууддаг. Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. Учир нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэхийг бүтээл нь тэсэж ядан хүлээдэг юм. Учир нь бүтээл өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан боловч найдвар дор бүтээл өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд очих юм. Өнөөг хүртэл бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлдгийг бид мэднэ. Зөвхөн үүнд ч биш, харин бас бид, өөрсдөдөө Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэж ядан хүлээдэг. Учир нь бид ийм найдвараар аврагдсан. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу байна? Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг. Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Учир нь Бурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучлан гуйдаг юм. Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ. Тэр Өөрийн Хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд, урьдаас мэдсэн хүмүүсээ Тэр бас Түүний дүртэй адил болгохоор урьдаас мэдэж тогтоосон юм. Тэр урьдаас тогтооснуудаа мөн дуудсан, дуудсануудаа мөн зөвтгөсөн, зөвтгөснүүдээ мөн Тэр алдаршуулсан.

Ром 8:12-30 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв