Ром 3:9-24
Ром 3:9-24 АБ2013
Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд хийгээд грекүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. Энэ нь ингэж бичигджээ. «Зөвт хүн алга, ганц ч алга. Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг нь ч алга. Бүгд гажиж, цөмөөрөө хэрэггүй болжээ. Сайныг үйлддэг нь алга. Бүр ганц ч алга» «Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ зусарддаг» «Тэдний уруул дор могойн хор байдаг». «Тэдний аманд хараал болон гашуун үг дүүрэн аж». «Тэдний хөл цус урсгахдаа түргэн, Тэдний замд сүйрэл ба гай гамшиг бий. Тэд амар амгалангийн замыг эс мэднэ» «Бурханаас эмээхүй нь Тэдний нүдэнд үгүй» Хуулийн хэлж байгаа болгон нь хуулийн дор байгсдад хандан ярьдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно. Учир нь ямар ч махбод хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хууль нь нүглийг мэдүүлэгч л юм. Харин эдүгээ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба эш үзүүлэгчид гэрчилсэн юм. Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй. Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ.