Ром 15
15
Өөрсдөдөө бус, бусдад таацуул
1Хүчтэй бид өөрсдөдөө таацуулалгүй, хүчгүйнхээ сул дорой байдлыг үүрэх ёстой. 2Бид бүгд хөршөө босгон байгуулах, сайн сайхны төлөө түүнд таацуулъя. 3Христ ч гэсэн Өөртөө таацуулаагүй. Харин «Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал Над дээр буув» гэж бичигдсэн ёсоор байсан юм.#Дуу 69:9 4Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Бичвэрийн тэвчээр болон урамшууллаар дамжин бидэнд найдвар байх юм. 5Тэвчээр ба урамшууллын Бурхан нь та нарыг Христ Есүсийн дагуу нэг бодол санаатай байлган соёрхох болтугай. 6Ингэх нь бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар санаа нийлж, ам нэгдэн алдаршуулахын тулд юм.
Сайнмэдээ нь харийнханд ч зориулагдсан
7Тиймээс мөн Бурханы алдрын төлөө Христ та нарыг хүлээн авсны адил бие биенээ хүлээж авагтун. 8Учир нь би хэлнэ. Эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд Бурханы үнэний төлөө Христ нь хозлуулагсдын зарц болсон. 9Энэ нь мөн Түүний өршөөлийнх нь төлөө харийнхан Бурханыг алдаршуулахын тулд ажээ.
«Иймд би харийнхан дунд
Танд магтаалыг өргөнө.
Таны нэрийг би магтан дуулна»
гэж бичжээ.#2См 22:50; Дуу 18:49 10Тэр дахин
«Харийнхан аа,
Түүний ард түмэнтэй
хамт баярлацгаа»
гээд,#Дх 32:43 11мөн дахин
«Бүх харийнхан аа,
Эзэнийг магтагтун.
Бүх ард түмэн
Түүнийг магтах болтугай»#Дуу 117:1
гэжээ. 12Исаиа дахин
«Иессийн үндэс гарч ирнэ.
Харийнхныг захирахаар босох Түүнд
Харийнхан найдах болно»
гэсэн юм.#Иса 11:10 (LXX) 13Найдварын Бурхан та нарыг итгэл дотор бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм.
Паулын зоригтойгоор бичсэн шалтгаан
14Ах дүү нар минь, та нарын хувьд та нар өөрсдөө аливаа сайн сайхнаар дүүрэн, бүхий л мэдлэгээр дүүргэгдсэн мөн нэг нэгнээ зааварлах чадвартай гэдэгт би итгэсэн юм. 15Гэвч та нарт дахин сануулахын тулд зарим зүйл дээр би их зоригтойгоор бичлээ. Учир нь Бурханаас надад өгөгдсөн нигүүлслээр 16Бурханы сайнмэдээг тунхаглах ариун үйлчлэлд Бурхан намайг харийнхны төлөөх Христ Есүсийн үйлчлэгч болгосон нь харийнхныг Ариун Сүнсээр ариусган Бурханд тааламжит өргөл болгохын тулд болой. 17Тиймд Бурханд хамаарах зүйлсээр Христ Есүс дор сайрхах шалтгаан надад бий. 18Учир нь надаар дамжин Христийн хийсэн зүйлээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр харийнхныг дуулгавар дор авчрахын тулд үг болон үйлсээр минь бас 19тэмдгүүд болон гайхамшгийн хүч, Ариун Сүнсний хүчээр ажилласан тул би Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайнмэдээг бүрэн дэлгэрүүлсэн. 20Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурсагдаагүй газарт л сайнмэдээг дэлгэрүүлэхийг хичээсэн. 21Харин энэ нь
«Түүний тухай мэдээгүй хүмүүс
харах болно.
Сонсоогүй хүмүүс
ойлгох болно»
гэж бичигдсэнчлэн юм.#Иса 52:15 (LXX)
Ромд айлчлах Паулын төлөвлөгөө
22Энэ шалтгаанаас болж би та нар уруу очих гээд олонтаа саатуулагдсан билээ.#Ром 1:13 23Харин одоо миний хувьд эдгээр нутаг дээр цаашид ажиллах өөр газар байхгүй. Би та нар дээр очихыг олон жилийн өмнөөс хүсэж байна. 24Би Испани уруу явах замдаа та нартай уулзаж, түр зуур ч гэсэн эхлээд та нартай нөхөрлөн баярлаж байгаад дараа нь намайг тийшээ явахад минь туслах байх гэдэгт найддаг. 25Харин одоо би ариун хүмүүст үйлчлэхээр Иерусалимд очих гэж байна.#1Ко 16:1–4 26Учир нь Иерусалимын ариун хүмүүсийн дундах ядууст зориулж хандив өгөхийг Македонийнхон болон Ахайнхан таашаасан юм. 27Тийм ээ, тэд таашаасан нь Иерусалим дахь ариун хүмүүсийн өмнө өртэйнх. Хэрэв харийнхан тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээ ч бас тэдэнд үйлчлэх өртэй юм.#1Ко 9:11 28Тиймд би тэдэнд цуглуулсныг нь гардуулан өгч, үүнийг гүйцэлдүүлээд, та нарыг дайран Испани уруу явна. 29Би та нар дээр очихдоо Христийн ерөөлийн дүүрэл дор очно гэдгээ мэднэ.
30Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар би та нараас гуйя. Та нар ч миний төлөө залбирлаараа Бурханы өмнө хичээнгүйлэн нэгдээрэй. 31Энэ нь би Иудей дэх дуулгаваргүй хүмүүсээс чөлөөлөгдөн Иерусалим дахь миний үйлчлэл нь ариун хүмүүст зөвшөөрөгдөөсэй гэснийх юм. 32Ингэвэл би Бурханы хүслээр та нар дээр баяртайгаар очиж, та нарын хамт амрах болно. 33Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.
Одоогоор Сонгогдсон:
Ром 15: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.