Ром 10:1-21
Ром 10:1-21 АБ2013
Ах дүү нар аа, зүрх сэтгэлийн минь хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ. Тэд Бурханы төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш гэж би тэднийг гэрчилдэг. Бурханы зөвт байдлыг мэдэлгүй, өөрсдийнхийгөө тогтоохыг эрмэлзэн тэд Бурханы зөвт байдалд үл захирагдав. Христ хуульд төгсгөл авчирснаар итгэдэг хүн бүрд зөвт байдал байх аж. Хуулиас ирдэг зөвт байдлын тухайд “Эдгээрийг хэрэгжүүлдэг хүн тэдгээрээр амьдарна” гэж Мосе бичжээ. Харин итгэлээс ирдэг зөвт байдал нь ийнхүү ярьдаг. «Зүрхэндээ “Хэн тэнгэрт гарах вэ?” гэж бүү хэл» (Энэ нь Христийг доош авчрахын тулд юм.) Эсвэл «“Хэн оёоргүй гүнд буух вэ?” гэж бүү хэл.» (Энэ нь Христийг үхэгсдээс босгохын тулд юм.) Харин энэ нь юу хэлдэг вэ? «Үг нь чамд тун ойрхон, аманд чинь, зүрхэнд чинь бий» гэдэг. Энэ нь бидний тунхаглаж буй итгэлийн үг юм. Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрнэ. Учир нь Бичвэр «Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй» гэдэг. Иудей ба грек хүний хооронд ялгаа байхгүй. Бүгдийн Эзэн нэг л бөгөөд Түүнийг дуудагч бүгдэд баялаг бялхана. Учир нь «Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно». Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчидгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? «Сайнмэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичигдсэн байдаг. Харин тэд сайнмэдээнд итгэсэнгүй. Учир нь Исаиа «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ?» гэж хэлсэн. Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг. Гэвч би хэлье. Тэд сонсоогүй гэж үү? Үнэндээ тэд сонссон. «Дуу хоолой нь бүх газарт, Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн» гэсэн байдаг юм. Гэвч би хэлье. Израиль үнэндээ мэдээгүй юу? Эхлээд Мосе «Би үндэстэн бус хүмүүсээр та нарыг атаархуулж, Ухаангүй үндэстнээр та нарыг уурлуулна» гэсэн. Исаиа зоригтойгоор «Хайгаагүйд нь Би олдов. Сураглаагүйд нь Би үзэгдэв» гэж хэлсэн юм. Харин Израилийн талаар Тэр «Дуулгаваргүй, зөрүүд ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав» гэжээ.