Ром 1:18-32

Ром 1:18-32 АБ2013

Үнэнийг зүй бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа итгэл сүсэггүйдэл ба зүй бусын эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс илчлэгддэг. Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм. Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтаг байхгүй. Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж Түүнийг алдаршуулсан ч үгүй, Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ. Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, шувууд, дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчидтэй адил дүрээр сольжээ. Иймд Бурхан тэднийг зүрхнийнх нь хүсэл тачаалын бузар юмстай зөнд нь орхиж, тэд бие махбодоо өвөр хоорондоо гутаажээ. Учир нь, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүүгээр бүтээлд нь мөргөн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен. Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтай нь зөнд нь орхиж. Тэдний эмэгтэйчүүд ч бэлгийн төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоожээ. Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод, нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлдээ шатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, өөрсдийн алдааны зохих цээрлэлийг өөрсдөдөө хүртэж байна. Тэд Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ. Тэд элдэв зүй бус, хилэнц, шунал, бузар булайгаар дүүрэн агаад атаа жөтөө, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрсэн, хов жив яригч, гүтгэгч, Бурханыг үзэн ядагч, дээрэлхүү, их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг эхдээ дуулгаваргүй, ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ. Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, бусдыг үйлдэхэд нь ч сайшаадаг байна.