Илчлэл 5:5-14
Илчлэл 5:5-14 АБ2013
Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ. Тэгээд би сэнтий ба дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. Тэр Хурга долоон эвэр болон долоон нүдтэй бөгөөд долоон нүд нь дэлхий даяар илгээгдсэн, Бурханы долоон сүнс юм. Тэр Хурга ирээд, сэнтийд Залрагчийн баруун мутраас авав. Тэрээр хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тусбүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм. Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд Өөрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ. Та тэднийг Бурханы маань төлөөх Хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байлаа. Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд буй олон тэнгэрэлчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ. Тэд чанга дуугаар —Нядлуулсан Хурга Хүч, баялаг, мэргэн ухаан, Сүр хүч, хүндэтгэл, Алдар ба магтаалыг авбал зохистой гэцгээж байлаа. Тэнгэрт, газар дээр, газар дор, тэнгис дээр болон тэдгээрийн дотор байгаа аливаа бүтээгдсэн юмс бүгдээр —Сэнтийд Залрагч ба Хурганд Магтаал, хүндэтгэл, алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай гэлцэхийг би сонсов. Дөрвөн амьтан —Амен гэхэд ахлагчид унан мөргөв.