Илчлэл 4:1-11
Илчлэл 4:1-11 АБ2013
Эдгээрийн дараа би хартал, нээлттэй нэгэн үүд тэнгэрт байлаа. Анх надтай ярьсан бүрээн дуу мэт сонсогдсон тэр дуу —Нааш гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье гэлээ. Тэр даруй би Сүнс дотор байв. Харагтун, тэнгэрт сэнтий, сэнтийд Залрагч байв. Залрагч нь хаш чулуу ба молор адил дүртэй аж. Маргад мэт үзэгдэх солонго сэнтийг хүрээлжээ. Сэнтийн эргэн тойронд хорин дөрвөн сэнтий байх бөгөөд цагаан хувцас өмссөн, толгойдоо алтан титэмтэй хорин дөрвөн ахлагч мөнөөх сэнтийнүүдэд сууж байлаа. Сэнтийнээс аянгын гялбаа, нижигнээн, тэнгэрийн дуун гарав. Бурханы долоон сүнс болох долоон бамбар сэнтийн өмнө асаж байв. Сэнтийн өмнө болор адил, шилэн мэт тэнгис байлаа. Сэнтийн дунд болон эргэн тойронд нь ар өвөртөө дүүрэн нүдтэй дөрвөн амьтан байх ажээ. Эхний амьтан нь арслан адил, хоёр дахь амьтан нь бух адил, гурав дахь амьтан нь хүнийх шиг нүүртэй, дөрөв дэх амьтан нь нисэж буй бүргэдтэй адил байв. Тусбүр нь зургаан далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр —Байсан, байгаа, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан Ариун, ариун, ариун хэмээн хэлэх аж. Амьтад сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөх бүрд хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийн өмнө шидээд —Бидний Эзэн бөгөөд Бурхан минь, Алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас Тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.