Илчлэл 21:15-27
Илчлэл 21:15-27 АБ2013
Надтай ярьсан тэнгэрэлчид хот болон хаалгануудыг, мөн хэрмийг нь хэмжих алтан шугам байв. Хот нь дөрвөлжин бөгөөд урт нь өргөнтэйгөө адил аж. Тэнгэрэлч хотыг шугамаараа хэмжихэд урт, өргөн, өндөр нь адилхан арван хоёр мянган стадиа байлаа. Тэнгэрэлч хотын хэрмийг хүний хэмжээсээр хэмжихэд зуун дөчин дөрвөн тохой болов. Хэрмийг хаш чулуугаар хийсэн бөгөөд хот нь шил мэт тунгалаг шижир алт ажээ. Хотын хэрмийн сууриуд нь төрөл бүрийн эрдэнийн чулуугаар чимэглэгджээ. Эхний суурь нь хаш, хоёр дахь нь индранил, гурав дахь нь гартаам, дөрөв дэх нь маргад, тав дахь нь мамгартаам, зургаа дахь нь нал, долоо дахь нь хашиг, найм дахь нь биндэръяа, ес дэх нь молор, арав дахь нь мана, арван нэг дэх нь оюу, арван хоёр дахь нь ягаан болор байв. Арван хоёр хаалга нь арван хоёр сувд ажээ. Хаалга нэгбүр нь нэг цул сувд байсан бөгөөд хотын гудамж нь шил мэт тунгалаг шижир алт байв. Би хотод ямар ч сүм харсангүй. Учир нь Төгс хүчит Эзэн Бурхан ба Хурга бол тэндхийн сүм юм. Хотод гэрэлтүүлэх нар, сар хэрэггүй ажээ. Учир нь Бурханы цог жавхлан түүнийг гэрэлтүүлэх бөгөөд дэнлүү нь Хурга байлаа. Үндэстнүүд тэр гэрлээр алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна. Хотын хаалганууд өдөр хэзээ ч хаагдахгүй. Учир нь тэнд шөнө гэж үгүй. Тэд үндэстнүүдийн алдар, хүндлэлийг тийш авчирна. Аливаа бузар ба жигшүүрт зүйл үйлддэгсэд, худал хуурмаг нь хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдэгсэд л орох ажгуу.