Илчлэл 21:1-14
Илчлэл 21:1-14 АБ2013
Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов. Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулан гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно]. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. Сэнтийд Залрагч —Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна гээд —Бичигтүн, эдгээр үгс итгэмжит бөгөөд үнэн гэв. Тэр надад —Боллоо. Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм. Цангасан нэгэнд Би амийн усны булгаас үнэгүй өгнө. Ялагч нь үүнийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно. Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв. Сүүлчийн долоон гамшгаар дүүрэн долоон аягатай байсан долоон тэнгэрэлчийн нэг нь ирээд надтай ярилцан —Нааш ир. Би чамд Хурганы эхнэр болох сүйт бүсгүйг үзүүлье гэв. Тэр намайг сүрлэг өндөр уулан дээр Сүнс дотор аваачаад Бурханаас гарч, тэнгэрээс буун ирж буй ариун хот Иерусалимыг үзүүллээ. Түүнд Бурханы алдар байлаа. Гялбаа нь үнэт чулуу мэт бөгөөд болор мэт тунгалаг, хаш чулуу шиг байв. Тэр нь асар том өндөр хэрэмтэй бөгөөд арван хоёр хаалгатай, хаалганууд дээр нь арван хоёр тэнгэрэлч байлаа. Тэдгээрийн дээр Израилийн хөвгүүдийн арван хоёр овгийн нэрс бичигдсэн байв. Зүүн талд нь гурван хаалга, хойд талд нь гурван хаалга, өмнө талд нь гурван хаалга, баруун талд нь гурван хаалга байх аж. Хотын хэрэм нь арван хоёр суурьтай агаад тэдгээрийн дээр Хурганы арван хоёр элчийн арван хоёр нэрс байлаа.