Илчлэл 20:1-15
Илчлэл 20:1-15 АБ2013
Гартаа оёоргүй гүний түлхүүр, асар том гинжтэй тэнгэрэлч тэнгэрээс бууж ирэхийг би харав. Тэрээр Диавол буюу Сатан болох хуучны могой буюу лууг барьж хүлээд, мянган жилийн турш оёоргүй гүнд хаяжээ. Тэгээд мянган жил дуустал үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүйн тулд түүнийг түгжээд лацдав. Үүний дараа тэр ахархан хугацаанд суллагдах ёстой аж. Би сэнтийнүүдийг харсан ба дээр нь залрагчдад шүүх эрх өгөгдсөн байлаа. Мөн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулагсдын сүнснүүдийг би харав. Тэд араатанд ба түүний хөрөгт мөргөөгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй агаад тэд амилж, Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ. Үхэгсдээс үлдсэн нь мянган жилийг дуустал амилсангүй. Энэ бол анхны амилал юм. Анхны амилалд багтсан хүн ерөөлтэй агаад ариун юм. Хоёр дахь үхэл тэднийг захирах ямар ч хүчгүй аж. Харин тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жил хаанчлах болно. Мянган жил төгсөх үед Сатан шоронгоосоо суллагдан, дэлхийн дөрвөн өнцөгт буй үндэстнүүдийг, Гог болон Магогийг мэхлэн, тэднийг дайнд цуглуулахын тулд гарч ирнэ. Тэдний тоо тэнгисийн эргийн элс мэт аж. Тэд газрын энгээр нэг тарж, ариун хүмүүсийн хуаран, хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг залгив. Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна. Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов. Их, бага үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв. Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэгбүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой. Мөн амийн номд нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галт нуурт хаягдав.