Илчлэл 19:11-21

Илчлэл 19:11-21 АБ2013

Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан морь байлаа. Түүнийг унасан нь “Итгэмжит агаад Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаар шүүж дайтдаг. Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Тэр өөрөөс нь өөр хэн ч эс мэдэх, бичигдсэн нэгэн нэртэй байлаа. Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг “Бурханы Үг” гэдэг ажээ. Цагаан бөгөөд цэвэр, нарийн маалинган хувцас өмссөн, тэнгэрийн дайчид цагаан морьд унан Түүнийг дагаж байв. Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна. Тэр дээл болон хормой дээрээ “хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ. Наран дээр нэгэн тэнгэрэлч зогсохыг би харав. Тэр чанга дуугаар хашхиран тэнгэрийн доогуур нисэж буй бүх шувуудад —Ирцгээ. Бурханы их зоогон дээр чуулагтун. Ингэснээр та нар хаадын мах, мянгатын дарга нарын мах, хүчит эрсийн мах, морьд болоод морьтонгуудын мах, эрх чөлөөт хүмүүс ба боолчуудын, их бага бүгдийн махыг идэх юм хэмээн хэлэв. Морь унасан Түүний ба дайчдынх нь эсрэг дайтахаар цугласан араатан болоод газрын хаад, тэдний дайчдыг би харав. Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв. Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бөгөөд бүх шувууд тэдний маханд цадав.