Дуулал 89:1-52
Дуулал 89:1-52 АБ2013
Би ЭЗЭНий хайр энэрлийн тухай мөнхөд дуулна. Бүх үеийнхэнд би Таны итгэмжтэйг амаараа мэдүүлнэ. Учир нь би “Хайр энэрэл мөнхөд байгуулагдана. Та үнэнээ тэнгэрс дээр тогтооно” гэв. Та “Би сонгосон нэгэнтэйгээ гэрээ байгуулсан. Би Өөрийн зарц Давидад тангарагласан. Би чиний үрийг мөнхөд тогтоож, Хаан ширээг чинь бүх үеийнхэнд байгуулна” гэсэн. Села Аяа ЭЗЭН, тэнгэрс Таны гайхамшгуудыг магтана. Ариун хүмүүсийн чуулганд Таны итгэмжтэйг бас магтана. Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ? Тэнгэрлэг биесийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ? Ариун хүмүүсийн чуулалд Бурханаас эмээнэ. Түүнийг тойрох бүхнээс Тэрээр аугаа болоод сүрдмээр. Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН? Таны үнэн Таныг тойрон буй. Та далайн догшролтыг захирдаг. Давалгаанууд нь босоход Та номхруулдаг. Та Рахабыг алагдсан хүн шиг бяц дарсан. Та дайснуудаа хүчит мутраараа тараасан. Тэнгэрс Таных, газар ч бас Таных Ертөнц ба түүнийг бүрдүүлж буй бүхнийг Та байгуулсан. Өмнөд ба умардыг Та бүтээсэн Табор ба Хермон Таны нэрээр баяртайяа уухайлна. Та хүчирхэг мутартай, Таны мутар хүчтэй, Таны баруун гар өргөмжлөгдсөн. Зөвт ба шударга ёс нь Таны сэнтийн суурь юм. Энэрэл хайр ба үнэн нь Таны өмнө явдаг. Баярт дууг мэддэг ард түмэн Юутай ерөөлтэй вэ! Аяа ЭЗЭН, Таны царайны гэрэлд тэд алхнам. Таны нэрд тэд өдөр бүр баярлаж, Таны зөвт байдлаар тэд өргөмжлөгдөнө. Учир нь Та тэдний Хүч чадлын алдар бөгөөд Таны тааллаар бидний эвэр өргөмжлөгдөнө. Учир нь бидний бамбай ЭЗЭНийх агаад Израилийн Ариун Нэгэн бидний Хаан. Тэр үед Та бишрэлтнүүддээ үзэгдэл дотор айлдаж “Би хүч чадалт нэгэнд тусламж өгсөн. Би ард түмнээс шилж сонгосон нэгнийг өргөмжилсөн. Өөрийн зарц Давидыг Би олсон. Би түүнийг ариун тосоороо тосолсон. Гар минь түүнтэй хамт байж, Мутар минь ч бас түүнийг хүчтэй болгоно. Дайсан түүнээс нэхэн шаардаж чадахгүй, Хорон муугийн хүү ч түүнийг зовоож чадахгүй. Харин Би түүний өмнө өстнүүдийг нь бяцалж, Түүнийг үзэн ядагчийг бут цохино. Үнэн ба хайр энэрэл минь түүнтэй хамт байж, Миний нэр дээр түүний эвэр өргөмжлөгдөнө. Би бас гарыг нь далай дээр, Түүний баруун гарыг гол мөрнүүд дээр байлгана. Тэр Над уруу «Та миний Эцэг, Миний Бурхан бөгөөд авралын минь хад» гэж хашхирна. Би мөн түүнийг ууган хүү, Газар дэлхийн хаадаас хамгийн дээд хаан болгоно. Би хайр энэрэлээ түүний төлөө мөнхөд хадгалж, Гэрээгээ ч түүнд батжуулна. Ингээд Би үр удмыг нь мөнхөд тогтоож, Сэнтийг нь тэнгэрийн өдрүүд мэт болгоно. Хэрэв түүний хөвгүүд хуулийг минь мартаж, Шүүлтийн минь дагуу эс явбаас, Хэрэв тэд тогтоолуудыг минь зөрчиж, Тушаалуудыг минь үл сахих аваас Би тэдний гэмт үйлдлийг саваагаар, Хилэнцийг нь зодуураар шийтгэнэ. Харин Би хайр энэрэлээ Түүнээс бүрмөсөн таслахгүй, Үнэнчээсээ ер няцахгүй. Гэрээгээ Би зөрчихгүй, Уруулаасаа гарсныг өөрчлөхгүй. Ариунаараа Би нэгэнт тангарагласан тул Давидад Би худал эс хэлнэ. Үр удам нь мөнхөд амьдарч, Сэнтий нь Миний өмнөх нар шиг байна. Тэр нь сар лугаа адил мөнхөд тогтоно. Тэнгэр дэх гэрч итгэмжит билээ” гэв. Села Харин Та хаяж, жигшиж, Өөрийн тослогдогчийн эсрэг машид хилэгнэв. Та зарцынхаа гэрээг хайхраагүй Та титмийг нь шороонд хаяж гутаав. Та түүний бүх ханыг эвдсэн. Та бат цайзуудыг нь сүйрүүлсэн. Замаар өнгөрөн явагч бүхэн түүнийг тоносон. Тэрээр хөршүүддээ буруутгагдсан. Та түүний өстнүүдийн баруун гарыг өргөмжилсөн. Та бүх дайсныг нь баярлуулсан. Та бас илднийх нь ирийг мохоож, Түүнийг тулалдаанд бат зогсож чадахгүй болгосон. Та түүний сүр жавхланг дуусган Сэнтийг нь газарт хөмрөв. Та залуу насных нь өдрүүдийг богиносгож Та түүнд ичгүүр нөмрүүлэв. Села Өө ЭЗЭН, хэдий болтол вэ? Та Өөрийгөө мөнхөд нуух уу? Таны уур хилэн гал мэт шатах уу? Амьдралын минь хугацааг санаач! Та хүний хөвгүүдийг юунд дэмий хуурмаг бүтээгээ вэ! Ямар хүн үхлийг үзэлгүй амьдарч чадах вэ? Тэрээр сэтгэлээ Үхэгсдийн орны эрхшээлээс аварч чадах уу? Села Өө Эзэн, итгэмж дотроо Давидад Таны тангарагласан Урьдын хайр энэрэл тань хаана байна вэ? Аяа Эзэн, зарц нарынхаа доромжлолыг санаач! Би өвөртөө бүх олон түмний доромжлолыг хэрхэн тээдгийг ч санаач! Өө ЭЗЭН, тэдгээрээр Таны дайснууд доромжлон Тэдгээрээр тэд Таны тослогдогчийн Алхам бүрийг доромжилсон. ЭЗЭН мөнхөд магтагдах болтугай! Амен, Амен.