Дуулал 89:1-18

Дуулал 89:1-18 АБ2013

Би ЭЗЭНий хайр энэрлийн тухай мөнхөд дуулна. Бүх үеийнхэнд би Таны итгэмжтэйг амаараа мэдүүлнэ. Учир нь би “Хайр энэрэл мөнхөд байгуулагдана. Та үнэнээ тэнгэрс дээр тогтооно” гэв. Та “Би сонгосон нэгэнтэйгээ гэрээ байгуулсан. Би Өөрийн зарц Давидад тангарагласан. Би чиний үрийг мөнхөд тогтоож, Хаан ширээг чинь бүх үеийнхэнд байгуулна” гэсэн. Села Аяа ЭЗЭН, тэнгэрс Таны гайхамшгуудыг магтана. Ариун хүмүүсийн чуулганд Таны итгэмжтэйг бас магтана. Учир нь тэнгэрт хэнийг ЭЗЭНтэй харьцуулж болох вэ? Тэнгэрлэг биесийн дундаас хэн нь ЭЗЭНтэй адил вэ? Ариун хүмүүсийн чуулалд Бурханаас эмээнэ. Түүнийг тойрох бүхнээс Тэрээр аугаа болоод сүрдмээр. Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Хэн Тантай адил вэ, хүчит ЭЗЭН? Таны үнэн Таныг тойрон буй. Та далайн догшролтыг захирдаг. Давалгаанууд нь босоход Та номхруулдаг. Та Рахабыг алагдсан хүн шиг бяц дарсан. Та дайснуудаа хүчит мутраараа тараасан. Тэнгэрс Таных, газар ч бас Таных Ертөнц ба түүнийг бүрдүүлж буй бүхнийг Та байгуулсан. Өмнөд ба умардыг Та бүтээсэн Табор ба Хермон Таны нэрээр баяртайяа уухайлна. Та хүчирхэг мутартай, Таны мутар хүчтэй, Таны баруун гар өргөмжлөгдсөн. Зөвт ба шударга ёс нь Таны сэнтийн суурь юм. Энэрэл хайр ба үнэн нь Таны өмнө явдаг. Баярт дууг мэддэг ард түмэн Юутай ерөөлтэй вэ! Аяа ЭЗЭН, Таны царайны гэрэлд тэд алхнам. Таны нэрд тэд өдөр бүр баярлаж, Таны зөвт байдлаар тэд өргөмжлөгдөнө. Учир нь Та тэдний Хүч чадлын алдар бөгөөд Таны тааллаар бидний эвэр өргөмжлөгдөнө. Учир нь бидний бамбай ЭЗЭНийх агаад Израилийн Ариун Нэгэн бидний Хаан.