Дуулал 77:1-20

Дуулал 77:1-20 АБ2013

Дуу хоолой минь Бурханд, Дуу хоолой минь Бурханд хашхирав. Тэр намайг дуулаасай. Зовлон шаналангийнхаа өдөр Би Эзэнийг хайна. Шөнөөр ч гараа сунган эс цуцна. Сэтгэл минь ч тайвшрахаас татгалзана. Бурханыг санаад би шанална. Би тунгаан бодож Сүнс минь сульдаж байна. Села Та нүдний минь зовхийг тогтоон барина. Ихэд шаналсан би Ярьж ч эс чадна. Эртний өдрүүдээ, урьдын жилүүдээ бодно. Шөнөөр дуугаа би санана. Би зүрхэндээ бясалгах бөгөөд Сүнс минь эрэлхийлнэ. Эзэн үүрд хаяна гэж үү? Тэр дахин хэзээ ч таалан авахгүй юм уу? Энэрэл хайр нь мөнхөд барагдсан уу? Амлалт нь мөнхөд үгүй болсон уу? Бурхан нигүүлсэнгүй байхаа мартсан гэж үү? Тэрээр уурандаа өршөөлөө зогсоосон юм уу? Села Тэгээд би “Хамгийн Дээд Нэгэний Баруун мутар өөрчлөгдсөн нь Миний уй гашуу билээ” гэв. ЭЗЭНий үйлсийг би санана, Эрт үеийн гайхамшгуудыг тань үнэхээр санана. Таны бүх ажлыг би тунгаана, Таны үйлдлүүдийг шимтэн бодно. Бурхан, Таны зам ариун Бидний Бурханы адил, Бурхан шиг хэн аугаа вэ? Гайхамшгуудыг үйлддэг Бурхан Та Ард түмнүүдийн дунд Хүч чадалаа мэдүүлжээ. Та ард түмнээ, Иаков ба Иосефын хөвгүүдийг мутраараа зольжээ. Села Их ус Таныг харав, Бурхан минь ээ, Их ус Таныг хараад бэмбэгэнэв. Оёоргүй гүн нь ч чичрэв. Үүлс усыг цутгав. Тэнгэрс ч дуу чимээг гаргав. Таны сумнууд ч хаа сайгүй харвагджээ. Аянгын тань дуу хуй салхин дунд байв. Цахилгаан гялбаанууд дэлхийг гэрэлтүүлжээ. Газар чичрэн хөдөлж байлаа. Таны зам далай дундуур, Жимүүд тань их усанд байв. Гэлээ ч Таны мөрүүд эс мэдэгджээ. Ард түмнээ хонин сүрэг мэт Мосе ба Аароны гараар Та удирдсан билээ.