Дуулал 37:23-40
Дуулал 37:23-40 АБ2013
Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогдох агаад Замд нь Тэр баярлаюу. Тэрээр бүдрэвч газар хөсөр унахгүй Учир нь ЭЗЭН мутраараа түшдэг. Би залуугаасаа хөгширтлөө Зөв шударга хүн хаягдахыг, Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй. Тэр үргэлж элэгсэг агаад зээлүүлдэг. Үр удам нь ерөөлтэй. Нүгэл муугаас эргэж, сайныг үйлд, Тэгвэл чи мөнхөд орших болно. Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрлах агаад Бишрэлтнүүдээ үл орхино. Тэд мөнхөд хамгаалуулсан, Харин буруутын үр удам таслагдана, Зөвт нь газар нутгийг өвлөж, мөнхөд оршин сууна. Зөвтийн ам ухааныг хэлж Хэл нь зөвийг өгүүлдэг. Зүрхэнд нь Бурханых нь хууль оршиж, Алхамд нь алдаа эс байдаг. Буруут нь зөвтийг анаж, Түүнийг алахаар эрэлхийлнэ. ЭЗЭН түүнийг буруутын гарт орхихгүй Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй. ЭЗЭНийг хүлээж, замыг нь дага, Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр Тэр чамайг өргөмжилнө Буруут нь таслагдахад чи үүнийг үзнэ. Саглагар мод шиг өөрийгөө Сагсайлган ургуулдаг Буруу, харгис хүнийг Би харсан билээ. Тэгээд тэр өнгөрсөн, Харагтун, тэр алга болсон. Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй. Өөлөх өөгүйг тэмдэглэж, Үнэнч шулууныг үзэгтүн. Ийм хүмүүний ирээдүй Энх тунх билээ. Харин тэрслэгчид цөмөөрөө устгагдана Буруутын ирээдүй таслагдана. Зөвтийн аврал ЭЗЭНээс ирнэ. Тэрээр зовлон шаналангийн цагт хүч чадал нь буюу. ЭЗЭН тэдэнд тусалж, чөлөөлдөг. Дотор нь хоргоддог тул тэднийг Буруу хүнээс Тэр чөлөөлж, авардаг.