Дуулал 35:15-28

Дуулал 35:15-28 АБ2013

Харин намайг бүдэрсэнд Тэд баярлан цуглав Миний мэддэггүй байсан довтлогчид Миний эсрэг цуглав. Зогсоо зайгүй намайг гүжирдэв Найран дээрх сүсэг бишрэлгүй тохуурхагчид мэт Над уруу тэд шүдээ хавирав Эзэн, Та хэдий болтол харж суух вэ? Амийг минь тэдний сүйтгэлээс, Намайг арслангуудаас авраач! Танд би их чуулганд талархал өргөнө. Таныг олон ард түмний дунд магтах болно. Үндэсгүйгээр намайг дайсагнагчдыг Надаас болж бүү баясга. Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын Нүдийг ч бүү ирмүүл. Учир нь тэд амар амгаланг ярьдаггүй, Нутгийн аниргүй оршигчдын эсрэг Хуурмаг үгсийг зохиодог. Амаа тэд над уруу томоор нээцгээн “Аа-хаа, нүд маань үзлээ” гэцгээнэ. ЭЗЭН, Та үүнийг харсан. Бүү дуугүй байгаач! Эзэн, надаас бүү хол байгаач! Бурхан минь, миний Эзэн, Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар, Миний хэргийн төлөө босооч! Бурхан ЭЗЭН минь, зөвт байдлынхаа дагуу намайг шүүн, Надаас болж тэднийг бүү баясгаач! Тэднийг “Аа-хаа, ингэхийг л бид хүссэн юм!” гэж Зүрхэнд нь бүү хэлүүлээч. “Бид түүнийг залгисан!” гэж Тэднээр бүү хэлүүлээч. Хохиролд минь баясагч бүгдийг Ичгүүрт унаган дорд болгооч. Өөрсдийгөө миний дээгүүр дөвийлгөгчдийг Ичгүүр, гутамшигт оруулаач! Зөвтөлд минь баярлагчид Баясан хашхирч, баярлан хөөрөг. Тэднээр “Зарцынхаа сайн сайханд баярладаг ЭЗЭН дээдлэгдэх болтугай!” гэж Үргэлж хэлүүлээч. Таны зөв шударгыг, Таны магтаалыг Хэл минь өдөржин тунхагланам.