Дуулал 18:25-50

Дуулал 18:25-50 АБ2013

Итгэмжтэнд итгэмжээ үзүүлдэг Та Гэм зэмгүйд гэмгүй л ханддаг. Цэвэр ариунд Та цэврээ, Цэх шударга биш хүнд Та тэрс байдлаа харуулдаг. Дорой ядууг Та авардаг, Ихэмсэг харцыг Та номхтгодог. Дэнлүүг минь Та асаадаг билээ. Миний Бурхан ЭЗЭН Миний харанхуйг гэрэлтүүлдэг билээ. Танаар би их цэргийг дайрч Бурхандаа түшиглээд би хэрмийг давж чаддаг. Бурханы зам төгс төгөлдөр, ЭЗЭНий амлалт шалгагдсан. Түүнд хоргоддог бүхэнд Тэрээр бамбай болдог. ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ? Бидний Бурханаас өөр хэн хад вэ? Хүч чадлаар намайг бүсэлдэг Бурхан Замыг минь төгс болгодог. Тэр хөлийг минь гөрөөснийх мэт болгон, Намайг өндөрлөг газарт аюулгүй суулгадаг. Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг. Ингэснээр гар шуу минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг. Та авралынхаа бамбайг надад өгсөн билээ. Таны баруун мутар намайг түшдэг Таны тусламж намайг агуу болгосон билээ. Та алхааг минь өргөсгөдөг, Тиймээс хөл минь халтирсангүй. Би дайснаа хөөж гүйцээд Тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцсангүй. Тэднийг би цохив. Тиймээс тэд босож чадахгүй болсон Тэд миний хөл доор унасан билээ. Тулалдахад минь Та намайг хүч чадлаар хувцаслаж, Намайг эсэргүүцэн босогчдыг миний доор хөсөр унагав. Та дайснуудын минь нурууг надад харуулав. Намайг үзэн ядагчдыг би устгав. Тэд тусламж эрэн хашхирсан боловч аврах хэн ч байсангүй, Тэд ЭЗЭНд хашхирсан боловч, Тэр хариу өгсөнгүй. Тэгээд би тэднийг салхин дахь тоос шороо мэт бутаргав. Би тэднийг гудамжны шавар шалбааг шиг цацав. Та намайг ард олны минь маргаанаас аварч, Намайг үндэстнүүдийн тэргүүн болгов. Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв. Гаднынхан над дээр хулмалзсаар ирж, Намайг сонсмогцоо тэд үг дуугүй дагадаг. Гаднынхан зүрх алдсаар Бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг. ЭЗЭН амьд! Ерөөгдөх болтугай, миний хад! Авралын минь Бурхан өргөмжлөгдөх болтугай! Миний төлөө өшөө авдаг Бурхан, Хүмүүсийг миний дор захируулдаг. Тэр намайг дайснуудаас минь авардаг Эсэргүүцэгчдийн минь дээгүүр Намайг Та үнэхээр өргөдөг юм Хүч хэрэглэгчдээс Та намайг аварсан билээ. Тиймээс ЭЗЭН Танд үндэстнүүдийн дундаас талархлыг өргөж, Таны нэрийг би магтан дуулна. Тэрээр хаандаа агуу ялалтыг өгч, Өөрийнхөө тосолсон нэгэн болох Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг болой.

Дуулал 18:25-50 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв