Дуулал 147:1-20

Дуулал 147:1-20 АБ2013

ЭЗЭНийг магтагтун! Бурханыгаа магтан дуулах нь Юутай сайн бэ! Учир нь Тэрээр тааламжит бөгөөд магтаалд зохистой. ЭЗЭН Иерусалимыг босгон барьж, Тэрээр Израилийн дүрвэгсдийг цуглуулж байна. Эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, Шархыг нь боож байна. Тэрээр оддыг тоогоор нь дугаарлаж, Бүгдийг нь нэрлэн дууддаг. Эзэн маань аугаа, ихэд хүчтэй бөгөөд Оюун ухаан нь хязгааргүй. ЭЗЭН, дорой нэгнийг өргөн түшиж, Муу буруу хүнийг газарт унагадаг. ЭЗЭНд талархалтайгаар дуулагтун. Бидний Бурханд ятгаар магтан дуулагтун. Тэрээр тэнгэрийг үүлсээр бүрхэн Газар дэлхийд бороог бэлтгэж, Уулсын дээр зүлэг ногоог ургуулдаг. Араатан амьтанд хийгээд Гуагалан буй залуу хэрээнүүдэд Тэрээр хоол хүнсийг нь өгдөг. Тэрээр морины чадалд бахаддаггүй, Хүний хөлд ч баярладаггүй. ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг, Энэрэл хайранд нь найдагчдыг таалдаг. Иерусалим аа, ЭЗЭНийг магтагтун! Сион оо, Бурханаа магтагтун! Тэрээр гулдан хаалгануудын чинь хөндлүүдийг бэхжүүлэн Та нарын дундах хөвгүүдийг чинь ерөөж байна. Тэр танай хил хязгаарт амар тайвныг тогтоон Хамгийн сайн буудайгаар та нарыг хангаж байна. Тэр тушаалаа дэлхийд илгээж, Үг нь маш хурдан тархаж байна. Цасыг Тэр ноос шиг буулгадаг. Цан хярууг Тэр үнс шиг тараадаг. Мөндрөө Тэр үйрмэг шиг цацдаг. Хэн жаврыг нь сөрөн зогсож чадах вэ? Тэр үгээ илгээж, тэдгээрийг хайлуулдаг. Тэр салхиа үлээлгэж, их усыг урсгадаг. Тэр, үгээ Иаковт, Зарлиг, шийдвэрүүдээ Израильд тунхагладаг. Тэр, аль ч үндэстэнд ийнхүү эс хандана. Тэд тогтоолуудыг нь ч үл мэднэ. ЭЗЭНийг магтагтун!

Дуулал 147:1-20 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв