Дуулал 147

147
Иерусалимыг хамгаалагч Бурханыг магтагтун!
1ЭЗЭНийг магтагтун!
Бурханыгаа магтан дуулах нь
Юутай сайн бэ!
Учир нь Тэрээр тааламжит бөгөөд магтаалд зохистой.
2ЭЗЭН Иерусалимыг босгон барьж,
Тэрээр Израилийн дүрвэгсдийг цуглуулж байна.
3Эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж,
Шархыг нь боож байна.
4Тэрээр оддыг тоогоор нь дугаарлаж,
Бүгдийг нь нэрлэн дууддаг.
5Эзэн маань аугаа, ихэд хүчтэй бөгөөд
Оюун ухаан нь хязгааргүй.
6ЭЗЭН, дорой нэгнийг өргөн түшиж,
Муу буруу хүнийг газарт унагадаг.
7ЭЗЭНд талархалтайгаар дуулагтун.
Бидний Бурханд ятгаар магтан дуулагтун.
8Тэрээр тэнгэрийг үүлсээр бүрхэн
Газар дэлхийд бороог бэлтгэж,
Уулсын дээр зүлэг ногоог ургуулдаг.
9Араатан амьтанд хийгээд
Гуагалан буй залуу хэрээнүүдэд
Тэрээр хоол хүнсийг нь өгдөг.
10Тэрээр морины чадалд бахаддаггүй,
Хүний хөлд ч баярладаггүй.
11ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг,
Энэрэл хайранд нь найдагчдыг таалдаг.
12Иерусалим аа, ЭЗЭНийг магтагтун!
Сион оо, Бурханаа магтагтун!
13Тэрээр гулдан хаалгануудын чинь хөндлүүдийг бэхжүүлэн
Та нарын дундах хөвгүүдийг чинь ерөөж байна.
14Тэр танай хил хязгаарт амар тайвныг тогтоон
Хамгийн сайн буудайгаар та нарыг хангаж байна.
15Тэр тушаалаа дэлхийд илгээж,
Үг нь маш хурдан тархаж байна.
16Цасыг Тэр ноос шиг буулгадаг.
Цан хярууг Тэр үнс шиг тараадаг.
17Мөндрөө Тэр үйрмэг шиг цацдаг.
Хэн жаврыг нь сөрөн зогсож чадах вэ?
18Тэр үгээ илгээж, тэдгээрийг хайлуулдаг.
Тэр салхиа үлээлгэж, их усыг урсгадаг.
19Тэр, үгээ Иаковт,
Зарлиг, шийдвэрүүдээ Израильд тунхагладаг.
20Тэр, аль ч үндэстэнд ийнхүү эс хандана.
Тэд тогтоолуудыг нь ч үл мэднэ.
ЭЗЭНийг магтагтун!

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 147: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна