Дуулал 139:1-17
Дуулал 139:1-17 АБ2013
Аяа ЭЗЭН, Та намайг судлан намайг мэдлээ. Миний сууж, босохыг Та мэддэг бөгөөд Хаа холоос санаа бодлуудыг минь ойлгодог. Та миний зам мөр хийгээд Хэвтэхийг минь ч нарийвчлан үзэж, Замнал бүрийг минь сайн мэддэг. Хэлэн дээр минь ганц үг ч байхаас өмнө, Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг. Та хойноос ба урдаас минь нөмөрлөж, Миний дээр мутраа тавьсан. Мэдлэг нь надад дэндүү гайхамшигтай, Өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ. Таны Сүнснээс би хаашаа одох вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтах вэ? Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд, Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, Харагтун, Та тэнд. Үүрийн гэгээгээр жигүүрлэн Далайн хамгийн алсын хэсэгт суувал Тэнд ч мутар тань намайг удирдаж, Баруун мутар тань надаас зуурна. Хэрэв би “Харанхуй үнэхээр намайг нөмөрнө. Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө” гэвэл Харанхуй ч Танд харанхуй биш бөгөөд Шөнө ч өдөр мэт гэрэлтэнэ. Гэрэл харанхуй адил юм. Учир нь Та гэдэс дотрыг минь хэлбэржүүлж Эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс гайхалтай бөгөөд Сэтгэл минь ч сайн мэднэ. Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Яс минь Танаас нууцлагдаагүй. Төрхөө олоогүй хөврөл байхад минь Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад Бүгд номд тань бичигдсэн байжээ. Аяа Бурхан, надад хандсан бодлууд тань Хичнээн нандин бэ! Нийлбэр нь хичнээн их вэ!