Дуулал 135:1-21
Дуулал 135:1-21 АБ2013
ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНий нэрийг магтагтун ЭЗЭНий зарц нар аа, магтагтун, ЭЗЭНий өргөөнд, Бурханы маань өргөөний хашаанд зогсогч та нар. ЭЗЭН сайн учир ЭЗЭНийг магтагтун. Тааламжтай сайхан тул Түүний нэрд магтан дуулагтун. Учир нь ЭЗЭН Өөртөө Иаковыг, Өмчөө болгон Израилийг сонгосон. ЭЗЭН аугаа бөгөөд Эзэн маань хамаг бурхдаас Илүү дээгүүр гэдгийг би мэднэ. ЭЗЭН таалдаг аливаа зүйлээ Тэнгэрт, газарт, далайнуудад хийгээд бүх оёоргүй гүнд үйлддэг. Дэлхийн зах хязгааруудаас Уур мананг дээш хөөргөж, Бороонд зориулан аянга цахилгааныг бүтээж, Агуулахуудаасаа салхийг Тэрээр гаргадаг. Египетийн уугануудыг, Хүн, амьтныхыг аль алиныг нь цохисон. Египет ээ, чиний дунд тэмдэг ба гайхамшгуудыг Фараон болон бүх түшмэдийнх нь дээр илгээсэн. Олон үндэстнийг бут цохиж, Хүчтэй хаадыг алсан. Аморичуудын хаан Сихон, Башаны хаан Ог болон Канааны бүх хаанчлал болой. Газар нутгийг нь өв болгон Өөрийн ард түмэн Израильд өв болгон өгсөн. Аяа ЭЗЭН, нэр тань мөнхөд Аяа ЭЗЭН, Таны тухай дурсгал Бүх үед байна. Учир нь ЭЗЭН ард түмнээ өмгөөлж, Зарц нарынхаа төлөө харамсана. Улс үндэстнүүдийн шүтээн нь алт, мөнгө, хүний гарын бүтээл юм. Тэд амтай боловч ярьдаггүй. Нүдтэй боловч хардаггүй. Чихтэй боловч сонсдоггүй, Аманд нь амьсгал алга. Тэднийг бүтээгчид Тэдэнд итгэгчид бүгд тэдэнтэйгээ адилхан. Израилийн гэр ээ, ЭЗЭНийг магтагтун. Аароны гэр ээ, ЭЗЭНийг магтагтун. Левийн гэр ээ, ЭЗЭНийг магтагтун. ЭЗЭНээс эмээгчид ээ, ЭЗЭНийг магтагтун. Иерусалимд оршин суудаг ЭЗЭН Сионоос магтагдах болтугай. ЭЗЭНийг магтагтун!