Дуулал 119:89-112
Дуулал 119:89-112 АБ2013
Аяа ЭЗЭН, үг тань тэнгэрт Мөнхөд бат тогтжээ. Үнэн тань үеийн үед үргэлжилмүй. Та дэлхийг бий болгосон бөгөөд тэр байсаар амуй. Тогтоолуудын тань дагуу Эд бүгд эдүгээ бат зогсжээ. Учир нь бүх юмс Таны боол билээ. Таны хууль миний баясгалан байгаагүйсэн бол Зовлон зүдүүр дотроо би мөхөх байлаа. Тушаалуудыг тань хэзээ ч үл мартана, би. Үүгээрээ намайг сэргээсэн билээ, Та. Би Таных билээ, намайг авраач. Учир нь би тушаалуудыг тань эрэн хайсан юм. Буруутууд намайг устгахаар отон хүлээдэг. Гэрчлэлүүдийг тань би гүн тунгаана. Би бүх төгс төгөлдөр юманд зах хязгаарыг тавьсан ч Таны тушаал хэмжээлшгүй өргөн дэлгэр ажээ. Хуулийг тань би юутай их хайрладаг билээ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг. Тушаалууд тань намайг Дайснуудаас минь илүү мэргэн болгодог. Тэр нь үргэлж надтай хамт байдаг. Гэрчлэлүүд тань миний бясалгал учир Багш нараасаа илүү ухаалаг болов, би. Тушаалуудыг тань сахин биелүүлсэн учраас Настангуудаас ч илүү ойлгон ухаарав, би. Үгийг тань сахин биелүүлэхийн тулд Бүх буруу муу замаас би хөлөө татсан. Та Өөрөө надад заасан учир Таны тогтоолуудаас би гажаагүй. Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг! Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ. Таны үг миний хөл дэх дэнлүү, Миний зам дахь гэрэл. Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно. Би хэмжээлшгүй ихээр зовж зүдэрсэн. Аяа ЭЗЭН, үгийнхээ дагуу намайг сэргээгээч. Аяа ЭЗЭН, амнаас минь гарах сайн дурын өргөлийг хүлээн авч, Тогтоолуудаа надад заагаач. Амь насанд минь аюул нүүрлэсээр байна. Гэсэн ч би хуулийг тань мартдаггүй билээ. Буруу санаатнууд намайг хорлохоор урхи тавьсан ч Тушаалуудаас тань би гажаагүй. Зүрхнийхээ баясгалан болгохоор Гэрчлэлүүдийг тань би мөнхөд өв болгон авав. Зарлигуудыг тань гүйцэлдүүлэхээр Зүрх юугаа би мөнхөд, эцэс хүртэл зориулсан.