Филиппой 4:1-23

Филиппой 4:1-23 АБ2013

Тиймд миний баяр хөөр ба титэм, мөн миний хүсэн тэмүүлэх хайрт ах дүү нар минь, Эзэн дотор баттай зогсогтун. Эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юодиаг ятгая, мөн Сунтухег ятгая. Тийм ээ, үнэнч нөхөр минь, чамаас гуйя. Сайнмэдээний төлөө надтай болон Клем, бусад хамтран зүтгэгчдийн минь хамт тэмцсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий. Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун! Та нарын тэвчээр бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон байна. Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно. Эцэст нь миний төлөө санаа тавих чинь сэргэсэнд би Эзэнд маш их баярлаж байна. Үнэндээ та нар санаа тавьж байсан боловч үзүүлэх боломж нь байсангүй. Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлөн байх, элбэг байх, дутагдахын аль алины нууцад би суралцсан. Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна. Гэсэн ч та нар зовлонгоос минь хуваалцахдаа сайн байсан. Сайнмэдээний анхан үед, намайг Македониос явсны дараа авах өгөхийн хэрэгт ганцхан та нараас өөр нэг ч чуулган оролцоогүйг филиппойчууд та нар өөрсдөө бас мэдэж байгаа. Тесалоникт ч хүртэл та нар нэгээс илүү удаа надад хэрэгтэй юмыг маань илгээсэн. Би бэлгийг нь эрж байгаа юм биш, харин та нарын үнэлгээнд нэмэгдэж буй үр ашгийг эрж байна. Гэвч би бүгдийг хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын юмсыг хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг чинь Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм. Миний Бурхан алдар дахь баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана. Бидний Бурхан Эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен. Христ Есүс доторх ариун хүмүүст бүгдэд нь мэнд хүргээрэй. Надтай хамт байгаа бүх ах дүү нар та нарт мэнд хүргэж байна. Бүх ариун хүн, ялангуяа Цезарийн гэрийнхэн та нарт мэнд хүргэж байна. Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай.

Филиппой 4:1-23 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв