Филиппой 2:1-30

Филиппой 2:1-30 АБ2013

Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, Сүнсний нөхөрлөл, энэрэнгүй болоод өрөвч сэтгэл бий бол адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ. Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон Боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, Үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр Түүнийг өргөмжилсөн бөгөөд Алив нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд Тэнгэр, газар дээр, газрын доорх бүгд өвдөг сөгдөж, Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж Хэл бүхэн хүлээн зөвшөөрөхийн учир ажээ. Иймээс хайртууд минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зөвхөн намайг байхад ч биш, харин эдүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр гүйцээ. Учир нь Өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэх, ажиллахын аль алинд нь та нарын дотор үйлдэгч нь Бурхан Өөрөө юм. Бүхнийг гомдол маргаан үгүйгээр хийцгээ. Ингэснээр та нар ертөнцийн гэрэл мэт гялалзан, гажууд үеийнхний дотор Бурханы өөгүй, буруугүй хүүхдүүд байх юм. Амийн үгээс баттай баривал би дэмий гүйж, дэмий зүдэж зүтгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно. Би тахил ба итгэлийн үйлчлэл дээр чинь ундаан өргөл болон асгагдсан ч баярлаж, та бүхэнтэй баярлан хөөрнө. Үүнчлэн та нар ч баярлаж, надтай баярлан хөөрөөрэй. Тимотыг та нар уруу удахгүй илгээнэ гэж би Эзэн Есүст найдаж байна. Тэгвэл байдлыг чинь мэдээд, би бас урамтай байх болно. Та нарын төлөө үнэхээр санаа тавих адилхан санаатай хэн ч надад алга. Тэд бүгд Христ Есүсийнхийг бус, өөрсдийнхийг эрдэг. Харин Тимот надтай хүү нь эцэгтээ үйлчилдэг шиг сайнмэдээнд үйлчлэн өөрийгөө нотолсныг та нар мэднэ. Тиймээс байдлаа ажаад даруй түүнийг илгээнэ гэж би найдаж байна. Би өөрөө мөн удахгүй очно гэж Эзэнд итгэж байна. Харин миний дүү хийгээд хамтран зүтгэгч, хамт байлдагч, мөн та нарын элч, хэрэгцээнд минь үйлчилдэг Епафродитыг та нар уруу илгээх нь чухал гэж би бодлоо. Тэр та бүгдийг үгүйлэн, өвчтэй буйг нь та нар сонссоноос болж шаналсан юм. Тэр үнэхээр үхтлээ өвдсөн юм. Харин Бурхан түүнийг өршөөсөн. Зөвхөн түүнийг ч биш, уй гашуу дээр уй гашуу нэмэгдэх вий гэж намайг ч бас өршөөв. Тиймд та нар Епафродитыг дахин хараад баярлаж, би бага зовнихын тулд түүнийг яаран илгээлээ. Тиймээс түүнийг Эзэн дотор бүхий л баяр хөөрөөр хүлээн ав. Тийм хүмүүсийг хүндлээрэй. Яагаад гэвэл тэрээр надад та нарыг нөхөн, эдгээр үйчлэлийг тохинуулахаар амь өрсөн явж Христийн ажлын төлөө үхэх шахсан.