Филиппой 1:12-30
Филиппой 1:12-30 АБ2013
Ах дүү нар аа, миний нөхцөл байдал сайнмэдээнд илүү дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм. Миний хүлээс Христийн төлөө байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүгдэд илэрхий болов. Мөн ах дүү нарын ихэнх нь хүлээснээс минь болж Эзэнд итгэлтэй болж, Бурханы үгийг эмээлгүй ярих улам илүү зоригтой байна. Зарим нь үнэндээ атаархал, өрсөлдөөнөөс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаас тунхагладаг билээ. Сайнмэдээг хамгаалуулахаар намайг томилсныг тэд мэдээд Христийг хайраар тунхагладаг. Нөгөө нь чин сэтгэлээсээ бус өрсөлдөх хүслийн үүднээс Христийг тунхагладаг. Ингэхдээ тэд хүлээстэй намайг шаналгана гэж бодож байна. Тэгээд юу гэж! Хуурамч ч бай, үнэнээс ч бай аливаа замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно. Та нарын залбирал болон Есүс Христийн Сүнсний туслалцаагаар суллагдах болно гэдгээ би мэддэг. Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай биед минь Христ өргөмжлөгдөх болно. Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм. Хэрэв би махбоддоо амьдрах аваас ажил минь үр жимстэй болох бөгөөд алийг нь сонгохоо би мэдэхгүй. Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм. Гэвч махбодоор үлдэх нь та нарын төлөө илүү чухал юм. Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвшил болон баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байхаа мэдэж, үүндээ итгэлтэй байна. Би та нарт эргэж очсоноор надаас болж сайрхал чинь Христ Есүсийн дотор бялхах болно. Христийн сайнмэдээнд л зохистой амьдар. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайнмэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож мөн эсэргүүцэгчдийн юунаас ч айж сүрдэхгүй байгааг чинь би сонсоно. Энэ нь тэдэнд сүйрлийн тэмдэг, харин та нарт Бурханаас ирдэг авралын тэмдэг юм. Учир нь Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт соёрхогджээ. Ингэхдээ та нар надаас харсан болон эдүгээ надад буй гэж сонсож байгаатай адил тэмцэлтэй байна.