Тооллого 36
36
Зелофехадын охидын гэрлэлт
1Иосефын хөвгүүдийн ургаас Манассегийн хөвгүүн Махирын хүү Гилеадын хөвгүүдийн ургийн эцгийн бүлийн тэргүүнүүд ойртон ирж, Мосе болон Израилийн хөвгүүдийн эцгийн бүлийн тэргүүнүүд болох удирдагчдын өмнө ярин
— 2Израилийн хөвгүүдэд өв болгон уг нутгийг шавгаар хуваан өгөхийг ЭЗЭН миний эзэнд тушаасан бөгөөд бидний ах Зелофехадын өвийг түүний охидод өгөхийг эзэнд маань тушаасан болой.#Тоо 27:7 3Харин тэд Израилийн хөвгүүдийн бусад овгийн хөвгүүдийн нэгтэй нь гэрлэвэл өв нь бидний эцгүүдийн өвөөс авагдан, тэдний байх овгийн өвд нэмэгдэх бөгөөд бидэнд шавгаар ногдсон өвөөс авагдах болно. 4Израилийн хөвгүүдийн эвэр бүрээдэлт болох үед тэдний өв өөрсдийнх нь буй овгийн өвд нэмэгдэх болно. Ийнхүү тэдний өв бидний эцгүүдийн овгийн өвөөс авагдах болно гэж ярив.
5Тэгэхэд Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий үгийн дагуу тушаан
—Иосефын хөвгүүдийн овгийнхон зөв зүйтэй ярьж байна. 6Зелофехадын охидын талаар ЭЗЭНий тушаасан зүйл энэ болой. “Тэд хүссэн хүнтэйгээ гэрлэг. Зөвхөн тэд эцгийнхээ овгийн ургийн дотор л гэрлэх ёстой”. 7Израилийн хөвгүүд тусбүр эцгүүдийнхээ овгийн өвд баригдах учир Израилийн хөвгүүдийн өв ийнхүү овгоос овогт шилжих ёсгүй. 8Израилийн хөвгүүдийн хүн тусбүр эцгүүдийнхээ өвийг эзэмшиж байхын тулд Израилийн хөвгүүдийн аливаа овогт өв эзэмшигч охин бүр эцгийнхээ овгийн ургийн нэгэнд эхнэр болох ёстой. 9Израилийн хөвгүүдийн овог тусбүр өөрийн өвд баригдах ёстой учраас ямар ч өв нэг овгоос нөгөө овогт шилжих ёсгүй.
10Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тийнхүү Зелофехадын охид үйлдэв. 11Махла, Тирза, Хогла, Милка, Ноа нар буюу Зелофехадын охид нагац, авгуудынхаа хөвгүүдтэй гэрлэв. 12Тэд Иосефын хүү Манассегийн хөвгүүдийн ургийнхантай гэрлэсэн бөгөөд тэдний өв эцгийнх нь ургийн овогт үлдэв.
13Эдгээр нь Иерихогийн харалдаа, Иорданы дэргэдэх Моабын талд Мосегоор дамжуулан Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий тушаасан тушаал, шийдвэрүүд юм.
Одоогоор Сонгогдсон:
Тооллого 36: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.