Тооллого 23

23
1Тэгээд Балаам, Балакт
—Энд надад долоон тахилын ширээг босгож, надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ. 2Балаамын хэлсэн ёсоор Балак хийв. Балак Балаам нар тахилын ширээ бүр дээр бух ба хуцыг өргөв. 3Балаам
—Шатаалт тахилынхаа дэргэд зогс, харин би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэж Балакт хэлэв. Тийнхүү тэр толгод уруу явлаа.
4Бурхан, Балаамтай уулзсан бөгөөд Балаам Түүнд
—Би долоон тахилын ширээг босгон тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв гэж өгүүллээ. 5ЭЗЭН, Балаамын аманд үг хийгээд
—Балак уруу буцан очиж, ийн хэлтүгэй гэв. 6Тэр түүн дээр буцаж очиход, харагтун, тэр болон Моабын түшмэлүүд бүгд шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв. 7Тэрээр зүйр зөнгөө хэлж
—Моабын хаан Балак, намайг
Арамаас, Дорнын уулсаас авчирч,
“Ирж, миний төлөө Иаковыг хараагтун.
Ирж, Израилийг буруушаагтун” гэв.
8Бурханы хараагаагүй хүнийг
би хэрхэн хараах билээ?
ЭЗЭНий буруушаагаагүй хүнийг
би хэрхэн буруушаах билээ?
9Хадны оройгоос би түүнийг харж,
толгодын дээрээс би түүнийг ажигласан.
Харагтун, үндэстнүүдийн дунд тоологдолгүй,
Ангид орших ард түмэн байна.
10Иаковын тоос шороог хэн тоолж чадах вэ?
Израилийн дөрөвний нэгийг хэн бүртгэж чадах вэ?
Зөвтийн үхлээр намайг үхүүлтүгэй,
Төгсгөл маань түүнийхтэй адил байх болтугай
гэлээ.
11Тэгэхэд Балак, Балаамд
—Чи надад юу хийчихэв ээ? Би чамайг дайснаа хараалгахаар авчирсан атал, харагтун, чи тэднийг ерөөлөө гэв. 12Балаам хариу болгон
—Аманд минь ЭЗЭН юу хийснийг би анхааран ярих ёсгүй гэж үү? гэлээ.
Балаамын удаах зүйр зөн
13Балак түүнд
—Тэднийг харж болох өөр газар өөд надтай хамт яваач. Чи тэндээс тэднийг бүхэлд нь биш зөвхөн наад захыг нь л харна. Тэндээс чи миний төлөө тэднийг хараагтун гэлээ. 14Тэр түүнийг Зофимийн хээр талд, Писгагийн оройд аваачиж, долоон тахилын ширээ босгон, тахилын ширээ бүр дээр бух, хуцыг өргөв. 15Балаам, Балакт
—Намайг тээр тэнд уулзаж байх зуур шатаалт тахилынхаа дэргэд энд зогсож байгтун гэв. 16ЭЗЭН Балаамтай уулзаж, түүний аманд үгийг хийгээд
—Балак уруу буцан очиж, ийн хэлтүгэй гэж айлдав. 17Тэр түүн дээр очиход, харагтун, тэр болон түүнтэй хамт Моабын түшмэлүүд бүгд шатаалт тахилынхаа дэргэд зогсож байв. Балак түүнээс
—ЭЗЭН юу айлдав? гэж асуулаа. 18Балаам зүйр зөнгөө хэлж
—Балак аа, босоод сонсогтун.
Зиппорын хүү, над уруу чих тавигтун!
19Бурхан бол худал хэлдэг хүн биш,
Гэмшин харамсдаг хүмүүн ч бус.
Тэрээр айлдчихаад,
Түүнийгээ хийхгүй гэж үү?
Эсвэл Тэр ярьчихаад,
Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?
20Харагтун, ерөөхийг би хүлээн авсан.
Тэр ерөөсөн байхад
Би түүнийг нь эргүүлж чадахгүй.
21Золгүй явдлыг тэрээр Иаковын дотроос үзээгүй.
Зовлонг бас Израилийн дотроос хараагүй.
Бурхан ЭЗЭН нь түүнтэй хамт бөгөөд
Хааны уухай тэдний дунд байна.
22Бурхан тэднийг Египетээс гарган авчирчээ.
Тэдний хувьд Тэрээр зэрлэг үхрийн эвэр мэт юм.
23Иаковын эсрэг ямар ч ид шид алга,
Израилийн эсрэг ямар ч мэргэ төлгө байхгүй.#23:23 эсвэл Израильд ямар ч илбэ шид байхгүй, мэргэ төлгө ч хэрэглэдэггүй.
Зохистой цагт Иаков ба Израилийн талаар хэлэгдэнэ.
Бурхан юу хийснийг үз!
24Хараач, ард түмэн эрслэн мэт өндийж,
Арслан мэт босож байна.
Тэр олзоо залгитлаа,
алагдагсдын цусыг уутлаа буцаж хэвтэхгүй
гэлээ. 25Харин Балак, Балаамд
—Тэднийг ердөө бүү хараагтун, ердөө ч бүү ерөөгтүн гэв. 26Гэвч Балаам хариуд нь
—“ЭЗЭНий айлдсан болгоныг би хийх ёстой” гэж би чамд хэлээгүй гэж үү? гэж Балакт хэлэв.
27Харин Балак Балаамд
—Ирээч, би чамайг өөр газарт аваачъя. Бурханы мэлмийд зөв байж, тэндээс чи миний төлөө тэднийг харааж чадаж магад гэв. 28Балак Балаамыг зэлүүд нутаг харагдах Пеорын оройд аваачив. 29Балаам
—Энд надад долоон тахилын ширээг босгож, надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэж Балакт хэллээ. 30Балаамын хэлсэн ёсоор Балак хийсэн бөгөөд тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 23: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна