Тооллого 18:8-32
Тооллого 18:8-32 АБ2013
Дараа нь ЭЗЭН, Ааронтай ярьж —Харагтун. Би чамд Израилийн хөвгүүдийн ариусган өргөсөн бүх хандивын үүргийг өглөө. Тэдгээрийг Би чамд болон чиний хөвгүүдэд тосолгоо ёсоор мөнхийн хувь болгон өгөв. Галд орох ариунаас ариун бэлгүүдээс энэ нь чинийх байх ёстой. Тэдний Надад өгөх ёстой өргөл бүр нь, идээн өргөл бүр нь, нүглийн тахил бүр нь, ялын тахил бүр нь чамд болон чиний хөвгүүдэд ариунаас ариун болой. Чи үүнийг ариунаас ариун газар идэх ёстой. Эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь та нарт ариун байна. Бас тэдний өгөх бэлгийн хандив Израилийн хөвгүүдийн бүх даллах өргөлийн хамтаар чинийх юм. Тэдгээрийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь ногдол болгон өгсөн. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон үүнийг идэж болно. ЭЗЭНд тэдний өгдөг юмс болох шинэ тосны дээж бүхнийг, шинэ дарс болон үр тарианы дээж бүхнийг, анхны үр жимсийг Би чамд өглөө. Тэдний нутаг дахь анхны боловсорсон үр жимс бүхэн буюу ЭЗЭНд авчирдаг бүхэн нь чинийх байх болно. Чиний гэр бүлийн цэвэр хүн бүхэн үүнийг идэж болно. Израиль доторх аливаа хориг болсон зүйл чинийх болох ажгуу. ЭЗЭНд тэдний өргөдөг хүн ч бай, амьтан ч бай, бүх махбодын хэвлийг анх нээгч болгон нь чинийх болог. Гэхдээ хүний ууган үрийг чи золих ёстой бөгөөд бузар амьтдын ууган төлийг ч чи золих ёстой. Тэдний төлбөрийн хувьд, чи тэднийг нэг сартайгаас нь эхлэн өөрийн үнэлснээр, ариун газрын шекелийн үнэлгээгээр таван мөнгөн шекелээр золигтун. Тэр нь хорин гера болно. Харин үхрийн ууган төл эсвэл хонины ууган төл эсвэл ямааны ууган төлийг чи золих ёсгүй. Тэд ариун билээ. Чи тэдний цусыг тахилын ширээн дээр цацаж, ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон өөхийг нь шатаан уугиулагтун. Даллах өргөлийн өвчүү, баруун гуя чинийх болдогтой адил тэдгээрийн мах чинийх болох ёстой. ЭЗЭНд Израилийн хөвгүүдийн өргөдөг, ариун бэлгүүдийн бүх хандивыг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь ногдол болгон өгсөн. Энэ нь чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх ЭЗЭНий өмнөх мөнхийн давсан гэрээ болой гэв. Дараа нь ЭЗЭН, Ааронд айлдсан нь —Чамд тэдний нутагт ямар ч өв байхгүй, тэдний дундаас ямар ч хувийг чи эзэмшихгүй. Израилийн хөвгүүдийн дунд Би чиний хувь ба чиний өв билээ. Харагтун, Левийн хөвгүүдэд Би Израиль дахь бүх арван хувийг өв болгон тэдний гүйцэтгэдэг үйлчлэл болох уулзалтын майхны үйлчлэлийн төлөө өгөв. Израилийн хөвгүүд гэм нүгэл үүрч үхэхгүйн тулд цаашид уулзалтын майханд ойртох ёсгүй. Харин левичүүд уулзалтын майхны үйлчлэлийг гүйцэтгэж, өөрсдийн хилэнцээ өөрсдөө үүрэх ёстой. Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв өгөгдөхгүй байх нь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Учир нь Израилийн хөвгүүдийн хандив болгон ЭЗЭНд өргөдөг арван хувийг нь Би левичүүдэд өв болгон өгсөн билээ. Тиймээс Би тэдний тухайд “Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв байхгүй болно” хэмээн айлдав гэв. Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин — Левичүүдтэй ярьж, тэдэнд “Израилийн хөвгүүдээс та нарт өв болгон Миний өгөх арван хувийг та нар тэднээс авахдаа түүнээсээ буюу арван хувиас арван хувийг нь ЭЗЭНд хандив болгон авчир. Тэгвэл хандив чинь үтрэмийн үр тариа эсвэл дарс шахуургын бүрэн бүтээгдэхүүн хэмээн та нарт тооцогдох болой. Тийнхүү та нар Израилийн хөвгүүдээс хүлээн авсан арван хувиасаа ЭЗЭНд хандивыг бас авчрах болно. Та нар ЭЗЭНий хандивыг тахилч Ааронд өгөх ажгуу. Өөрсдийн бүх бэлгээс, тэдгээрийн дээжээс нь, тэдгээрийн ариун хэсгээс нь та нар ЭЗЭНд өгөх ёстой хандив бүрийг авчир” гэж хэл. Чи тэдэнд “Та нар түүнээсээ дээжийг нь өргөхөд энэ нь левичүүдэд үтрэмийн бүтээгдэхүүн ба дарс шахуургын бүтээгдэхүүн хэмээн тооцогдох болой. Та нар болон танай гэрийнхэн үүнийг хаана ч идэж болно. Учир нь энэ бол уулзалтын майхан дахь та нарын үйлчлэлийн хөлс билээ. Та нар түүнээсээ дээжийг нь өргөсөн үед түүнээс болж ямар ч гэм нүгэл үүрэхгүй бөгөөд Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг ч бузарлан үхэхгүй” хэмээн хэлэгтүн гэв.