Тооллого 14:1-35

Тооллого 14:1-35 АБ2013

Даяар хотол түмэн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав. Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож байв. Даяар хотол түмэн тэдэнд —Бид Египет нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой! ЭЗЭН юунд биднийг энэ нутагт авчирч байна вэ? Эхнэрүүд болон бяцхан хүүхдүүдийг маань олз болгохоор, биднийг илдэнд унагаахаар уу? Египет уруу буцсан нь бидэнд дээр байх юм биш үү? гэцгээж байв. Тийнхүү тэд бие биендээ —Цөмөөрөө тэргүүлэгчийг томилоод Египет уруу буцацгаая гэв. Тэгэхэд Мосе Аарон нар Израилийн хөвгүүдийн хотол түмэн даяар чуулганы өмнө нүүрээрээ унав. Нутгийг тандсан хүмүүс дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урж, Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд ярин —Бидний тандахаар туулан өнгөрсөн нутаг бол дэндүү сайхан нутаг билээ. Хэрэв ЭЗЭН, биднийг таалбал Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү зөгийн бал урссан нутгийг бидэнд өгөх болно. Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ. Харин даяар хотол түмэн —Тэднийг чулуугаар шид гэцгээж байлаа. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан уулзалтын майхан дотор Израилийн бүх хөвгүүдэд үзэгдэв. Мосед ЭЗЭН —Энэ ард түмэн хэр удаан Намайг хилэгнүүлэх вэ? Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдэг байсаар байхад тэд Надад итгэхгүй хэр удаан байх юм бэ? Би тэднийг тахлаар цохиж, сүйрүүлэх болно. Би тэднээс илүү агуу, илүү хүчирхэг үндэстнийг чамаас бий болгоно гэв. Гэвч Мосе, ЭЗЭНд —Та Өөрийн хүчээр энэ ард олныг тэдний дундаас гаргасан тул египетчүүд үүнийг сонсоод, энэ нутгийн оршин суугчдад ярих болно. Өө ЭЗЭН, Та энэ ард олны дунд байгаа. ЭЗЭН Та болон тэд нүүр нүүрээ хардаг, Таны үүл тэдний дээр тогтон байдаг бөгөөд Та тэдний өмнө өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар явдаг гэдгийг тэд сонсоцгоосон билээ. Хэрэв Та энэ ард олныг ганц хүн мэт алж хороох аваас Таны алдар сууг сонссон үндэстнүүд ярихдаа “ЭЗЭН энэ ард түмнийг тангараглан амласан нутагтаа аваачих чадалгүй байсан учраас Тэр тэднийг цөлд алав” гэх болно. Тиймээс гуйж байна. Таны ийн хэлсэн шиг Эзэний хүч чадал нь агуу байг. “ЭЗЭН уурлахдаа удаан, хайр энэрлээр өгөөмөр, хилэнц, гэмт үйлдлийг уучилдаг ч шийтгэлгүй орхидоггүй бөгөөд эцгүүдийнх нь хилэнцийг гурав, дөрөв дэх үед нь хүртэл буулгадаг.” Би гуйя, Та энэ ард түмнийг Египетээс одоог хүртэл уучилсаар ирсэн шигээ хайр энэрлийнхээ аугаагаар энэ ард түмний хилэнцийг өршөөгөөч гэлээ. Тийнхүү ЭЗЭН айлдахдаа —Чиний үгээр Би тэднийг өршөөлөө. Гэвч Би амьд! Бүх дэлхий ЭЗЭНий яруу алдраар дүүрэх болно. Египет болон цөлд Миний цог жавхланг болон Миний бүтээсэн тэмдгүүдийг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн, эцэг өвгөдөд нь Миний амласан тэр нутгийг үзэхгүй бөгөөд Намайг өдөөн хатгасан хүмүүсийн хэн нь ч түүнийг үзэхгүй. Харин Миний зарц Калеб өөр сүнстэй байж, Намайг бүрэн дагасан тул түүний орсон тэр нутагт нь Би түүнийг аваачих бөгөөд үр удам нь тэр газрыг эзэмших болно. Амалекчууд болон канаанчууд хөндий талд амьдарч байгаа. Маргааш та нар буцаж, Улаан тэнгис уруу хөтлөх замаар цөл тийш хөдлөгтүн гэв. Мосе Аарон нартай ЭЗЭН ярин айлдахдаа — Энэ ёрын муу олон түмэн Миний эсрэг хэр удаан гонгинох вэ? Миний эсрэг гонгинолдож буй Израилийн хөвгүүдийн гоншгонооныг Би сонслоо. Тэдэнд ийн хэл. ЭЗЭН айлдаж байна. “Би амьд! Та нар Миний чихэнд ярьсантай адил түүнчлэн Би та нарт үйлдэх болно. Миний эсрэг гонгиносон, хорь ба түүнээс дээш насны тоолуулсан бүх хүний цогцос тооныхоо дагуу энэ цөлд унах болно. Та нарыг суурьшуулахаар Миний тангарагласан тэр нутагт Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуа нараас өөр хэн ч орохгүй. Харин олз болох нь хэмээн та нарын хэлсэн балчир хүүхдүүдийг чинь Би оруулж, та нарын үл ойшоон голсон тэр нутгийг тэд мэдэх болно. Харин та нарын хувьд, цогцсууд чинь энэ цөлд унах болно. Цогцсыг чинь цөлд унах хүртэл та нарын садарлалыг хөвгүүд чинь үүрч цөлд дөчин жилийн турш хоньчид байх болно. Та нар уг нутгийг тандсан өдрүүд буюу дөч хоногийн тоо ёсоор, өдөр бүрийн төлөө нэг жил буюу дөчин жилийн турш хилэнцээ үүрнэ. Ийнхүү та нар Миний дургүйцлийг мэдэх болно. ЭЗЭН Би айлдав. Миний эсрэг хамтдаа цугласан энэ ёрын олон түмэнд бүхэлд нь Би үүнийг хийх болно. Тэд энэ цөлд устгагдаж, энд үхэцгээх болно” гэв.