Тооллого 11

11
Цөлд гонгинолдсон нь
1Ард түмэн гай зовлонгоос болж ЭЗЭНий сонор дор дургүйцэн гонгинолдсон бөгөөд ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзэж, ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зах хаяаг шатаав. 2Ард түмэн Мосе уруу хашхирахад Мосе, ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав. 3ЭЗЭНий гал тэдний дунд шатсан учир уг газрыг тэрээр Табера#11:3 Табера: евр. “шатсан” гэснээс гаралтай. хэмээн нэрлэжээ.
4Тэдний дундах холилдсон хүмүүс шунахай хүсэлд автаж мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж
—Хэн бидэнд идэх мах өгөх вэ? 5Бид Египет нутагт үнэгүйгээр идэж дассан загас, өргөст хэмх, тарвас, ногоон сонгино, сонгино, сармисыг санагалзаж байна. 6Харин одоо ой гутаж гүйцлээ. Энд маннагаас ондоо харах юм юу ч алга гэцгээв.
7Манна нь цоорын үр шиг бөгөөд бидолаах#11:7 бидолаах: нэгэн зүйлийн үнэрт давирхай, эрзээн эсвэл үнэт чулуу. адил төрхтэй байв.#Гэт 16:31 8Ард түмэн холхилдон, түүнийг түүж, тээрмийн хоёр чулууны хооронд нунтаглан эсвэл ууранд нүдээд, тогоонд буцалгаж түүгээр боов хийдэг байв. Түүний амт тостой жигнэсэн хуймаг адил амттай байлаа. 9Шөнөөр хуаранд шүүдэр унахад манна тэнд унадаг байлаа.#Гэт 16:13–15
10Ард олон ураг даяараа, хүн бүр майхныхаа үүдэнд уйлагнан байхыг Мосе сонсжээ. ЭЗЭНий уур хилэн ихэд дүрэлзэж бас Мосед ч энэ бүхэн таагүй байлаа. 11Мосе, ЭЗЭНд
—Та зарцаа юунд ийн зовооно вэ? Би Таны мэлмийд тааллыг эс олсон юм уу? Юунд Та энэ бүх ард түмний ачааг над дээр тохсон юм бэ? 12Энэ бүх ард түмнийг олж тээсэн нэгэн нь би байсан гэж үү? Та надад “Хөхүүл нялх хүүхдийн асрагч мэт цээжиндээ тэднийг тэвэрч, эцэг өвгөдөд нь Таны амласан газар уруу авч явагтун” гэж хэлэгдэхээр тэднийг төрүүлсэн нэгэн нь би байсан гэж үү? 13Энэ бүх ард түмэнд өгөх махыг би хаанаас олох вэ? Тэд “Бидэнд идэх мах өгөөч” гэж миний өмнө уйлж байна шүү дээ. 14Энэ бүх ард түмнийг авч явах чадвар надад үгүй бөгөөд тэд миний хувьд дэндүү хүнд юм. 15Хэрэв Та надад ингэж хандах гэж байгаа бол намайг нэгмөсөн үхүүлээч. Хэрэв Таны мэлмийд би тааллыг олсон аваас гамшиг зовлонг минь надад үзүүлэлгүй даруйхан алаач гэлээ.
Далан ахмад
16Тиймээс ЭЗЭН, Мосед
—Ард түмний ахмадууд болоод тэдний захирагчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Надад цуглуулан уулзалтын майхан уруу авчирч, тэнд өөртэйгөө хамт зогсоо. 17Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэж, ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүйн тулд чиний дээр буй сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. 18Ард олонд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусга. Та нар мах идэх болно. Та нар ЭЗЭНий сонорт «Хэн нэгэн бидэнд идэх мах өгөөсэй! Бид Египетэд сайхан байсан» гэж уйлагнасан учир ЭЗЭН та нарт мах өгч, та нар идэх болно. 19Та нар нэг өдөр ч биш, хоёр өдөр ч биш, таван өдөр ч биш, арван өдөр ч биш, хорин өдөр ч биш 20харин хамрын чинь нүхээр цухуйх хүртэл, зэвүүн муухай санагдах хүртэлээ бүтэн сар үүнийг идэх болно. Учир нь өөрсдийн чинь дунд буй ЭЗЭНийг та нар эсэргүүцэж, Түүний өмнө «Бид ер нь юунд Египетийг орхив?» гэж уйлагналдсан билээ” хэмээн хэл гэж айлдав. 21Харин Мосе
—Миний дунд нь буй энэ ард түмэн зургаан зуун мянган явган хүнтэй атал “Би тэдэнд бүтэн сар идэх махыг өгөх болно” гэж Та айлдах юм. 22Тэдэнд зориулан нядлах хангалттай хонь ба үхэр сүрэг байна уу? Эсвэл тэдэнд зориулан тэнгисийн бүх загас цуглуулагдах болж байна уу? гэв. 23ЭЗЭН, Мосед
—ЭЗЭНий мутар богино бил үү? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдлаа.
24Ингээд Мосе гарч, ард олонд ЭЗЭНий үгсийг хэлээд ард олны ахмадууд болох далан хүнийг цуглуулж, асрыг тойруулан зогсоов. 25Дараа нь ЭЗЭН үүлэн дотор доош буун ирж Мосетэй ярин, дээр нь байсан сүнсийг авч далан ахмадад өгөв. Сүнс тэдний дээр оршиход тэд эш үзүүлцгээсэн боловч дахин үүнийг үйлдсэнгүй.
26Гэвч хоёр хүн хуаранд үлдсэн байжээ. Нэгийнх нь нэрийг Елдад, нөгөөгийнх нь нэрийг Медад гэдэг байв. Сүнс тэдний дээр мөн оршив. (Тэд бүртгэгдсэн хүмүүсийн дунд байсан боловч асар уруу очоогүй байлаа.) Тэд хуаранд эш үзүүлцгээв. 27Тэгтэл нэг залуу хүн гүйн ирж, Мосед
—Елдад, Медад нар хуаранд эш үзүүлж байна гэв. 28Харин Мосегийн залуусын нэг, туслах нь байсан, Нуны хүү Иошуа
—Мосе, эзэн минь, тэднийг болиулаач гэв. 29Мосе түүнд
—Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид болж, ЭЗЭН тэдний дээр Өөрийн сүнсийг тавьж соёрхох болтугай гэж хэлэв. 30Тэгээд Мосе ба Израилийн ахмадууд хуаран уруу буцав.
Бөднө шувуу
31Тэнд ЭЗЭНээс салхи дэгдэж, далайгаас бөднө шувуудыг авчран, хуарангийн дэргэд, эргэн тойронд нь наад талдаа нэг өдрийн аяны зай, нөгөө талдаа ч нэг өдрийн аяны зайд газрын гадаргуу дээр хоёр тохой зузаан болтол унагав. 32Ард олон босоцгоон бүтэн өдөр, бүтэн шөнө мөн дараагийн бүтэн өдөр бөднө шувуудыг цуглуулав. (Хамгийн бага нь арван хомерыг цуглуулсан байлаа.) Тэд үүнийг хуарангийн эргэн тойронд тараан дэлгэв. 33Мах нь тэдний шүдэн завсар байхын зуурт залгихаас нь ч өмнө ЭЗЭНий уур хилэн ард олны эсрэг дүрэлзсэн бөгөөд ЭЗЭН ард олныг маш хүнд гамшгаар цохив. 34Уг газар тэд шуналд автсан хүмүүсийг оршуулсан тул тэр үүний нэрийг Киброт-хаттаава гэх болжээ. 35Киброт-хаттаавагаас ард олон Хазерот уруу хөдлөн нүүж, Хазеротдоо суув.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 11: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Тооллого 11-д зориулсан видео