Нехемиа 9

9
Бүгд гэмшин улайв
1Энэ сарын хорин дөрвөнд Израилийн хөвгүүд цуглан мацаг барьж, тааран уут углаж, толгой дээрээ шороо цацав. 2Израилийн үр удмынхан өөрсдийгөө бүх гаднынхнаас тусгаарлан, зогсож, өөрсдийн нүгэл болон эцэг өвгөдийнхээ хилэнцийг улайв. 3Байрандаа зогсож байх зуураа тэд ЭЗЭН Бурханыхаа хуулийн номоос өдрийн дөрөвний нэгийн туршид уншив. Тэгээд дараагийн дөрөвний нэгийн туршид тэд нүглээ улайн, ЭЗЭН Бурхандаа мөргөв.
4Левичүүдийн тавцан дээр Иешуа, Бани, Кадмиел, Шебаниа, Бунни, Шеребиа, Бани болон Хенани нар зогсоод, Бурхан ЭЗЭНдээ чанга дуугаар хашхирч байсан юм. 5Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь
—Босоцгоо, ЭЗЭН Бурханаа мөнхөөс мөнхөд магт!
Таны суу алдарт нэр магтагдаг,
Бүх алдаршуулал ба магтаалын дээр
Өргөмжлөгдөгч Та!
6Өө, ЭЗЭН минь,
Та нөгөө л ганц ЭЗЭН билээ.
Тэнгэр болон тэнгэрсийн тэнгэрийг
түг түмдтэй нь,
Газар ба түүн дээрх бүхнийг,
Тэнгис төдийгүй түүний доторх
Бүхнийг бүтээсэн нь Та билээ.
Тэр бүхнийг амилуулсан нь Та билээ.
Тэнгэрийн түг түмдийг өмнөө мөргүүлэгч нь
Та билээ.
7Абрамыг сонгож,
Түүнийг халдеичуудын Ураас гаргаж,
Түүнд Абрахам гэдэг нэрийг өгсөн нь
ЭЗЭН Бурхан билээ.#Эх 11:31, 12:1, 17:5
8Түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олж хараад,
Канаанчууд болох хитчүүдийн, аморичуудын,
Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газруудыг
Түүнд ба түүний үр удамд өгөхөөр
Гэрээг Та байгуулсан билээ.
Энэ амлалтаа биелүүлсэн нь Та билээ.
Зөвт Нэгэн минь#Эх 15:18–21
9Египетэд манай эцэг өвгөдийн зовлон зүдүүрийг үзэж#Гэт 3:7, 14:10–12
Улаан тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг Та сонсоод,
10Фараоны эсрэг болон түүний бүх зарц нарт,
түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн.
Учир нь тэд манай эцэг өвгөдөд давлиун хандахыг Та мэдсэн бөгөөд
Энэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв.#Гэт 7:8—12:32
11Та тэдний өмнө тэнгисийг хувааж,
Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн.
Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн уруу чулуудсан#Гэт 14:21–29, 15:4–5
12Үүлэн баганаар Та тэднийг өдөр нь удирдаж,
Шөнө нь тэдний явах замыг галан баганаар гэрэлтүүлсэн.#Гэт 13:21–22
13Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн,
Тэдэнтэй тэнгэрээс ярьсан.
Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг,
Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.#Гэт 19:18—23:33
14Та тэдэнд ариун Амралтын өдрөө мэдүүлж,
Зарц Мосегоороо дамжуулан
Тушаалууд, дүрэм ба хуулийг тэдэнд өгсөн.
15Тэднийг өлсөхөд Та тэднийг тэнгэрээс талхаар хангаж,
Тэднийг ундаасахад Та тэдэнд хаднаас ус гаргаж өгсөн.
Та тэдэнд өгөхөөр тангарагласан газрыг эзэмшихээр тийш очихыг тэдэнд айлдсан.#Гэт 16:4–15, 17:1–7; Дх 1:21
16Гэвч тэд, манай эцэг өвгөд давлиун хандав.
Тэд зөрүүдлэн, тушаалуудыг тань эс сонсов.#Тоо 14:1–4; Дх 1:26–33
17Тэд сонсохоос татгалзан,
Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй.
Тиймээс тэдний шил нь татаж, тэрсэлсээр
Египет дэх боолчлолдоо буцахын тулд
удирдагчийг томилов.
Гэвч Та өршөөл уучлалын Бурхан,
Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан,
Хайр энэрлээр бялхам билээ.
Та тэднийг орхисонгүй.#Гэт 34:6; Тоо 14:18
18Тэд хайлшаар өөрсдөдөө тугал цутгаад,
“Та нарыг Египетээс гаргасан та нарын Бурхан энэ юм” гэж,
Аймшигт доромжлолыг үйлдэхэд#Гэт 32:1–4
19Та агуу энэрлээрээ тэднийг цөлд орхисонгүй.
Тэдний замыг заахын тулд үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй.
Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд галан багана ч
Шөнөөр тэднийг орхисонгүй.#Дх 8:2–4
20Тэдэнд зааварчлахын тулд
Та сайн Сүнсээ өгөв.
Та маннагаа тэдний амнаас салгасангүй.
Та тэднийг ундаасахад ус өгсөн.
21Үнэхээр цөлд дөчин жилийн турш
Та тэднийг тэтгэсэн ба тэд эс гачигдав.
Тэдний хувцас нь элэгдээгүй,
хөл нь ч хавдаагүй.
22Та мөн тэдэнд хаанчлалууд ба
ард түмнүүдийг өгч,
Тэднийг хил хязгаараар нь тэдэнд хуваав.
Тэд Хешбоны хаан Сихоны газрыг,
Башаны хаан Огийн газрыг эзлэв.#Тоо 21:21–35
23Та тэдний хөвгүүдийг тэнгэрийн одод мэт олон болгов.
Очиж, эзэмш гэж
Эцэг өвгөдөд нь айлдсан тэр газартаа
Та тэднийг оруулав.#Эх 15:5, 22:17; Иош 3:14–17
24Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж,
Түүнийг эзэмшив.
Та тэдний өмнө тэр газрын оршин суугч канаанчуудыг дарав.
Тэгээд тааллаараа тэдэнд үйлдэг гэж
Та тэднийг хаадтай нь,
Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв.#Иош 11:23
25Тэд бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг эзлэв.
Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн,
Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн талбай,
Чидуны цэцэрлэг, жимсний моддыг элбэг дэлбэгээр
Тэд эзэмшив.
Тиймээс тэд идэцгээж,
Таргалцгааж, агуу сайн сайханд тань баясав.#Дх 6:10–11
26Гэвч тэд Танд тэрслэн тэрсэлсээр
Таны хуулийг ардаа орхисон.
Тан уруу эргэж ирүүлэхийн тулд өөрсдийг нь ятгасан
Таны эш үзүүлэгчдийг тэд алж,
Аймшигт доромжлолыг үйлдсэн.#Шүү 2:11–16
27Тиймээс тэднийг дарласан дарлагчдын гарт
Та тэднийг тушаасан.
Гэвч тэд зовлон шаналантай үедээ
Таныг дуудахад
Та тэнгэрээс сонсож,
Аугаа энэрлээрээ тэднийг дарлагчдын гараас аврах аврагчдыг
Та тэдэнд өгсөн.
28Гэвч амсхиймэгцээ тэд дахин
Таны өмнө мууг үйлдэв.
Тиймээс Та тэднийг
Дайснуудынх нь гарт орхисон.
Ингэснээр дайснууд нь тэднийг ноёлов.
Тэд дахиад Таныг дуудахад
Та тэнгэрээс сонсов.
Та тэднийг энэрлээрээ олон удаа аварч,
29тэднийг хуульдаа буцаан эргүүлэх гэж анхааруулсан ч,
Тэд давлиун хандаж,
Тушаалуудыг тань эс сонсон,
Зарлигуудын тань эсрэг нүглийг үйлдэв.
Эдгээрийг сахиваас
Хэн боловч амьдрах бус уу.
Тэд зөрүүд мөрөө эргүүлж, шил нь татаад
Эс сонсож үл дагав.#Лев 18:5
30Харин Та тэднийг олон жил хүлцэж,
Өөрийн Сүнсээр, эш үзүүлэгчдээрээ дамжуулан ятгасан ч
Тэд чих тавьсангүй.
Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.#2Ха 17:13–18; 2Шс 36:15–16
31Гэлээ ч аугаа энэрлээрээ
Та тэднийг эс мөхөөж бас үл орхив.
Учир нь Та энэрэнгүй өрөвч Бурхан билээ.
32Тиймээс одоо, бидний Бурхан, гэрээ ба хайр энэрэлээ сахигч
Аугаа хүчирхэг болоод аюумшигт Бурхан минь,
Ассирийн хаадын өдрүүдээс
энэ өдрийг хүртэл
Биднийг болон манай хаад, ноёд,
Тахилчид, эш үзүүлэгчид, эцэг өвгөд ба
Таны хамаг ард түмэн дээр буусан
бүх хүнд бэрхшээлийг
Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!#2Ха 15:19,29, 17:3–6; Езр 4:2,10
33Гэсэн ч бидэн дээр буусан бүхэнд
Та шударга юм.
Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал
Харин бид буруу мууг үйлдсэн.
34Учир нь манай хаад, манай удирдагчид,
Манай тахилчид болон эцэг өвгөд маань
Таны хуулийг сахисангүй.
Таны тушаалууд болон тэднийг ятгасан ятгалгуудад тань
Анхаарал хандуулсангүй.
35Харин тэдэнд өгсөн Таны агуу сайн сайханд ба
Тэдний өмнө тавьсан өргөн уудам,
Үржил шимт газартай хаанчлалдаа
Танд тэд үйлчилсэнгүй,
Өөрсдийн муу үйлээсээ ч буцсангүй.
36Үзэгтүн, бид өнөөдөр боолууд мөн.
Жимсийг нь идүүлж, шимийг нь хүртээхээр
Манай эцэг өвгөдөд
Таны өгсөн газрын хувьд,
Харагтун, бид түүн дээр боолууд болжээ.
37Нүглээс маань болж түүний элбэг дэлбэг үр жимс нь
Бидний дээр Таны тавьсан хаадынх болов.
Зовлого биеийг маань
Зоргоороо бас мал сүргийг маань ч эзэрхийлнэ.
Зовлон шаналан иймээс бидэнд
үлэмж болжээ.
Гэрээнд нэр хамрагдагсад
38Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна.
Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын
Манай левичүүдийн болон манай тахилчдын нэрс байна.

Одоогоор Сонгогдсон:

Нехемиа 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү