Нехемиа 8:6-17

Нехемиа 8:6-17 АБ2013

Дараа нь Езра, аугаа Бурхан ЭЗЭНийг магтахад бүх ард түмэн гараа өргөн, “Амен, Амен!” гэж хариулжээ. Тэгээд тэд, нүүрээрээ газарт доош бөхийж ЭЗЭНд мөргөв. Мөн хүмүүсийг байр байрандаа байх зуур Иешуа, Бани, Шеребиа, Иамин, Аккуб, Шаббетаи, Ходиа, Маасеиа, Келита, Азариа, Иозабад, Ханан, Пелаиа нар болон левичүүд ард түмэнд хуулийг тайлбарлажээ. Тэд номоос буюу Бурханы хуулиас тайлбарлан уншиж, уншсан зүйлээ тэдэнд ойлгуулахын тулд санааг нь хэлжээ. Дараа нь захирагч байсан Нехемиа, тахилч ба гүүш Езра мөн бүх ард түмэнд хуулийг ойлгуулсан левичүүд, бүх ард түмэнд —Энэ өдөр бол та нарын Бурхан ЭЗЭНд ариун өдөр юм. Бүү халагла, бүү уйл гэв. Учир нь бүх ард түмэн хуулийн үгсийг сонсоод уйлж байв. Тэгээд тэр тэдэнд —Явцгаа. Тарганыг идэж, чихэрлэгийг ууж, бэлтгэх юмгүй нэгэндээ хувиудыг явуул. Учир нь энэ өдөр Эзэнд маань ариун юм. Бүү шанал. Учир нь ЭЗЭНий баяр баясгалан та нарын хүч чадал юм гэлээ. Тиймээс левичүүд бүх ард түмнийг намжаан, өнөөдөр ариун өдөр учраас чимээгүй байцгаа. Бүү шанал гэж хэлэв. Ард түмэн бүгдээрээ идэж, ууж, хувь илгээж, том баяр наадам тэмдэглэхээр явцгаав. Учир нь тэдэнд мэдүүлсэн үгсийг тэд ойлгожээ. Дараа нь хоёр дахь өдөр бүх ард түмний эцгийн бүлийн тэргүүнүүд, тахилчид ба левичүүд хуулийн үгсийг нарийвчлан судлахын тулд гүүш Езра дээр цуглажээ. Долдугаар сарын баяр наадмын туршид Израилийн хөвгүүд майханд амьдрах ёстой гэдгийг ЭЗЭН Мосегоор дамжуулан хэрхэн тушаасан тухай хуульд бичигдсэн байгааг тэд олов. Тиймээс тэд тунхаглан, бүх хотууддаа болон Иерусалимд тунхгийг давтаж —Толгод өөд гар. Бичигдсэний дагуу майхан барихаар чидуны мөчир, зэрлэг чидуны мөчир, гавирт модны мөчир, далдуу модны мөчир болон бусад навчит моддын мөчрүүдийг авчир гэсэн билээ. Тиймээс хүмүүс гарч яваад, тэдгээрийг авчран, хүн бүр дээвэр дээрээ, өөрсдийн хашаа болон Бурханы өргөөний хашаануудад, Усны гулдан хаалганы талбайд, Ефраимын гулдан хаалга дахь талбайд өөрсдөдөө майхнууд барьжээ. Олзлогдогсдоос буцаж ирэгсдийн даяар хотол түмэн майхнуудыг барьж, тэндээ амьдрав. Израилийн хөвгүүд Нуны хүү Иошуагийн өдрүүдээс тэр өдрийг хүртэл үнэхээр ийнхүү хийж байгаагүй аж. Тэнд их баяр хөөр болжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна