Нехемиа 3:1-32
Нехемиа 3:1-32 АБ2013
Тэгээд тэргүүн тахилч Елиашиб ах дүү тахилчдынхаа хамт босон, Хонины гулдан хаалгыг барив. Тэд түүнийг ариусган, хаалганы самбаруудыг нь тогтоов. Тэд Зуутын цамхаг хүртэлх хэрэм болон Хананелын цамхгийг ариусгав. Түүний хажууд Иерихогийн хүмүүс, тэдний цаана Имрийн хүү Заккур барьж байв. Хассенаахын хөвгүүд Загасны гулдан хаалгыг барив. Тэд түүний яс модыг бэхэлж, хавтас, түгжээ, хөндлүүдийг нь суулгав. Тэдний хажууд Хаккозын хүү Уриагийн хүү Меремот засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Мешезабелын хүү, Берехиагийн хүү Мешуллам засвар хийв. Түүний хажууд мөн Баанагийн хүү Задок засвар хийв. Түүгээр ч барахгүй, түүний зэргэлдээ текоачууд засвар хийсэн ажээ. Гэвч тэдний язгууртнууд эздийнхээ ажлыг дэмжсэнгүй. Пасеагийн хүү Иоиада болон Бесодеиагийн хүү Мешуллам нар Хуучин гулдан хаалгыг засав. Тэд түүний яс модыг бэхэлж, хавтас, түгжээ, хөндлүүдийг нь суулгав. Тэдний хажууд гибеон хүн Мелатиа, меронот хүн Иадон, Гибеоны болон Мизпагийн хүмүүс Евфрат мөрний тэртээх аймгийн захирагчийн албан ёсны суудалд засвар хийв. Түүний хажууд алтны дархчуудын нэг, Хархаиагийн хүү Уззиел засвар хийв. Түүнтэй зэрэгцэн сүрчиг хийгчдийн нэг Хананиа засвар хийсэн. Тэд Иерусалимыг Өргөн хана хүртэл сэргээн босгов. Тэдний хажууд Иерусалимын дүүргийн нэг хагасыг захирагч, Хурын хүү Рефаиа засвар хийв. Тэдний хажууд Харумафын хүү Иедаиа гэрийнхээ харалдаа засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Хашабнеиагийн хүү Хаттуш засвар хийв. Харимын хүү Малхиа, Пахат-моабын хүү Хасшуб нар өөр хэсгийг болон Зуухны цамхгийг засав. Түүний хажууд Иерусалимын дүүргийн нөгөө хагасыг захирагч, Халлохешийн хүү Шаллум охидтойгоо засвар хийв. Ханун болон Заноагийн оршин суугчид Хөндийн гулдан хаалгыг засав. Тэд үүнийг сэргээн барьж, яс модыг нь бэхэлж, самбар, түгжээ, хөндлийг нь суулгасан ба Хаягдалын гулдан хаалга хүртэл нэг мянган тохой хэрмийг засварлав. Бет-хакхеремын дүүргийн захирагч, Рехабын хүү Малхиа Хаягдалын гулдан хаалгыг засварлав. Тэрээр үүнийг сэргээн барьж, самбар, түгжээ, хөндлүүдийг нь суулгав. Мизпагийн дүүргийн захирагч, Кол-хозегийн хүү Шаллум Оргилуурын гулдан хаалгыг засварлав. Тэр үүнийг сэргээн барьж, бүрээд, самбар, түгжээ, хөндлүүдийг нь суулгаж мөн хааны цэцэрлэг дэх Шелагийн цөөрмийн хэрмийг Давидын хотоос уруудах шат хүртэл засварлав. Түүний дараа Бет-зурын хагас дүүргийн захирагч, Азбукийн хүү Нехемиа, Давидын булшны харалдаах газар хүртэл, хиймэл цөөрөм, хүчит эрсийн байшин хүртэл засвар хийв. Түүний дараа Банийн хүү Рехумын дор левичүүд засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Кеилагийн хагас дүүргийн захирагч Хашабиа дүүрэгтээ засвар хийв. Түүний дараа Кеилагийн нөгөө хагас дүүргийн захирагч, Хенададын хүү Бавваигийн дор ах дүү нар нь засвар хийв. Түүний хажууд Мизпагийн захирагч, Иешуагийн хүү Езер Англе дахь зэвсгийн агуулахын өгсүүрийн өмнө талд өөр нэг хэсгийг засварлав. Түүний дараа Англегаас тэргүүн тахилч Елиашибын байшингийн үүд хүртэлх өөр нэг хэсгийг Заббаин хүү Барух чармайн засварлав. Түүний дараа Хаккозын хүү Уриагийн хүү Меремот, Елиашибын байшингийн үүднээс байшингийн эцэс хүртэл өөр нэг хэсгийг засварлав. Түүний дараа хөндийн хүмүүс болох тахилчид засвар хийв. Тэдний дараа Бениамин ба Хасшуб нар байшингийнхаа өмнө талд засвар хийв. Тэдний дараа Ананиагийн хүү, Маасеиагийн хүү Азариа байшингийнхаа хажууд засвар хийв. Түүний дараа Хенададын хүү Биннуи, Азариагийн байшингаас Англе ба булан хүртэл өөр нэг хэсгийг засварлав. Узаин хүү Палал харуулын талбайн дэргэдэх хааны дээд байшингаас цухуйсан цамхаг ба Англегийн өмнө талд засвар хийв. Түүний дараа Парошийн хүү Педаиа засвар хийв. Офелд амьдрагч сүмийн үйлчлэгчид Усны гулдан хаалганы өмнө талаас зүүн тийш цухуйсан цамхаг хүртэл засвар хийв. Түүний дараа текоачууд цухуйсан их цамхгийн өмнө хэсэг ба Офелын хэрэм хүртэлх өөр нэг хэсэгт засвар хийв. Адууны гулдан хаалганаас дээш тахилч бүр байшингийнхаа өмнө талыг засварлав. Тэдний дараа Иммерийн хүү Задок байшингийнхаа өмнө талд засвар хийв. Түүний дараа Зүүн гулдан хаалганы харуул, Шеканиагийн хүү Шемаиа засвар хийв. Түүний дараа Шелемиагийн хүү Хананиа ба Залафын зургаа дахь хүү Ханун нар өөр нэг хэсгийг засварлав. Түүний дараа Берехиагийн хүү Мешуллам сууцныхаа өөдөөс харсан хэсгийг засварлав. Түүний дараа алтны дархчуудын нэг Малхиа сүмийн үйлчлэгчид ба худалдаачдын байшин хүртэл, Хяналтын гулдан хаалганы өмнө тал ба булангийн дээд өрөө хүртэл засвар хийв. Булангийн дээд өрөө ба Хонины гулдан хаалганы хооронд алтны дархчууд ба худалдаачид засвар хийв.