Марк 9:1-13
Марк 9:1-13 АБ2013
Есүс тэдэнд айлдан —Үнэнээр Би та нарт хэлье. Энд зогсогсдын зарим нь, Бурханы хаанчлал сүр хүчтэй ирэхийг үзэх хүртэлээ үхлийг амсахгүй гэв. Зургаан өдрийн дараа Петр, Иаков, Иохан нарыг Есүс дагуулан хэдүүлхнээ өндөр ууланд гарчээ. Тэр тэдний өмнө хувирав. Хувцас нь цацарсан цав цагаан болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй. Есүстэй ярилцаж байгаа Елиа, Мосе нар тэдэнд үзэгдлээ. Петр, Есүст —Багш аа, энд байгаа маань бидэнд сайн байна. Бид гурван цацар барьж өгье. Нэгийг нь Танд, нэгийг нь Елиад, нэгийг нь Мосед гэв. Учир нь тэд айдаст автсан тул тэр юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Гэтэл үүл гарч тэднийг бүрхэн авахад үүлнээс —Энэ бол Миний хайрт Хүү. Түүнийг сонсогтун гэх дуун гарав. Тэд гэнэт эргэн тойрноо хараад ганц Есүсээс өөр хэнийг ч олж үзсэнгүй. Тэд уулнаас бууж явахад Есүс тэдэнд Хүний Хүүг үхэгсдээс амилах хүртэл, үзсэнээ хэнд ч ярьж болохгүйг тушаав. Тэд энэ үгийг өлгөж аван, үхэгсдээс амилах гэж юу болохыг хоорондоо ярилцав. Тэд Түүнээс —Яагаад хуулийн багш нар Елиаг эхлээд ирэх ёстой гэдэг юм бэ? гэж асуужээ. Есүс тэдэнд —Елиа үнэхээр эхлээд ирж бүх зүйлийг сэргээнэ. Харин яагаад Тэр их зовж, үгүйсгэгдэх ёстой гэж Хүний Хүүгийн тухай бичигдсэн билээ? Би та нарт хэлье. Елиа хэдийнээ ирсэн. Түүний тухай бичигдсэний дагуу тэд юу хүссэнээ түүнд үйлдсэн юм гэлээ.