Марк 7:1-23
Марк 7:1-23 АБ2013
Иерусалимаас ирсэн фарисайчууд ба хуулийн багш нарын зарим нь Есүсийг хүрээлэн цугларав. Есүсийн шавь нарын зарим нь бохир, угаагаагүй гараар талх идэхийг тэд харсан ажээ. (Учир нь фарисайчууд болон бүх иудейчүүд ахмадын ёс заншлыг сахиж, гараа сайтар угаагаагүй л бол юм иддэггүй байжээ. Тэд гудамж зээлээс ирээд өөрсдийгөө угаагаагүй аваас юм иддэггүй байв. Аяга, ваар, зэс сав суулгын угаалга гэх мэт сахих ёстой ондоо олон ёс тэдэнд байжээ.) Фарисайчууд болон хуулийн багш нар —Яагаад Таны шавь нар ахмадын ёс заншлаар явалгүй, харин бохир гартай чигээрээ талх иднэ вэ? гэж Түүнээс асуухад Есүс тэдэнд —Хоёр нүүрт та нарын тухай Исаиа зөв эш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн. “Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, Харин Надад дэмий мөргөдөг.” Та нар Бурханы тушаалыг орхигдуулан, хүний ёс заншилд баригддаг гэв. Тэр мөн тэдэнд —Та нар ёс заншилаа сахихын тулд Бурханы тушаалыг орхигдуулахдаа гарамгай юм. “Эцэг, эхээ хүндэл. Эцэг, эхээ хараагч нь үхэх ёстой” гэж Мосе айлдсан шүү дээ. Харин та нар “Хүн эцэгтээ юмуу эхдээ «Танд хэрэг болох байсан зүйл маань Корбан (тэр нь Бурханд өргөгдсөн)» гэх юм бол” гэж хэлээд та нар түүнд эцэг эхийнхээ төлөө юу ч хийхийг зөвшөөрдөггүй. Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хөсөрдүүлдэг. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг гэж хэлэв. Есүс хурсан олныг дахин дуудаад тэдэнд —Бүгд Намайг сонс бас ухаар. Хүний дотор орж түүнийг бузарлаж чадах юм хүний гадна ер байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузарладаг. [Сонсох чихтэй нь сонсогтун] гэж хэлэв. Есүс ард олныг орхиж, айлд орох үед шавь нар нь энэ сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуув. Тэр тэдэнд —Та нар бас ойлгоогүй юу? Гаднаас хүний дотор орох алив зүйл хүнийг бузарлаж чадахгүйг та нар ойлгохгүй байна гэж үү? Учир нь тэр нь хүний зүрхэнд орохгүй, харин гэдсэнд ороод жамаараа гадагш арилна гэв. (Бүх хоол хүнс цэвэр гэдгийг Тэр ийн илэрхийлжээ.) Тэрээр —Хүнээс гарах зүйлс л хүнийг бузарладаг. Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс муу муухай бодол, садарлал, хулгай, аллага, завхайрал, шунахайрал, балмад байдал мөн заль мэх, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардамнал, мунхаглал гардаг. Энэ бүх муу муухай зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа.