Марк 6:14-29

Марк 6:14-29 АБ2013

Херод хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа. Хүмүүс —Баптисч Иохан үхлээс амилжээ. Тиймээс түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэв. Харин зарим нь —Тэр бол Елиа зарим нь —Тэр бол эш үзүүлэгчдийн нэгэн адил эш үзүүлэгч гэж байлаа. Харин Херод үүнийг дуулаад —Миний өнөөх толгойг нь авсан Иохан амилжээ гэв. Херод өөрийн дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул үүнээс болж хүн илгээн Иоханыг бариулан шоронд хориулжээ. Учир нь Иохан, Херодод —Та дүүгийнхээ эхнэрийг авах нь хууль бус гэж хэлсэн ажээ. Херодиа түүнд хорсож, түүнийг алахыг санаархсан авч чадсангүй. Учир нь Херод, Иоханаас айдаг байсан бөгөөд түүнийг зөвт, ариун хүн гэдгийг мэдэж, Иоханыг хамгаалдаг байв. Херод, Иоханыг сонсохдоо их тэвддэг ч дуртайяа сонсдог байлаа. Тохиромжтой өдөр ирж, Херод төрсөн өдрөө тохиолдуулан ихэс дээдэс, мянгатын дарга нар бас Галилын тэргүүн нарт зориулж зоог барьжээ. Херодиагийн охин ирж бүжиглэв. Херод болон тэнд байгсдад тэр ихэд таашаагджээ. Хаан охинд —Чи юу хүссэнээ надаас гуй. Би чамд түүнийг чинь өгье гэв. Тэрээр охинд ам гарч, —Чи надаас юу хүснэ, би түүнийг чинь, хаанчлалынхаа хагасыг ч чамд өгнө гэв. Охин гарч, эхээсээ —Би юу гуйх вэ? гэж асуухад эх нь —Баптисч Иоханы толгойг гэжээ. Охин тэр даруй хааны өмнө яаран очиж, —Яг одоо баптисч Иоханы толгойг царан дээр тавиад надад өгөхийг би танаас хүсэж байна гэж хэлэв. Хаан ихэд харууссан боловч өгсөн андгай ба зочдоосоо болоод охинд татгалзахыг хүссэнгүй. Хаан даруй цаазчин явуулж, түүний толгойг авчрахыг тушаалаа. Тэр нь очоод, шоронд Иоханы толгойг авчээ. Тэгээд толгойг нь царан дээр авчирч охинд өгөхөд охин эхдээ өгөв. Иоханы шавь нар үүнийг дуулаад ирж, цогцсыг нь авч, хадан булшинд тавьжээ.