Марк 5:1-13

Марк 5:1-13 АБ2013

Нуурын чанад эрэг герасчуудын нутагт тэд иржээ. Есүсийг завинаас буухад нь бузар сүнстэй хүн тэр даруй булшнаас гарч ирээд Түүнтэй тулгарав. Орон байр нь булшнуудын дунд байх агаад гинжинд ч эс хүлэгдэх нэгэн аж. Тэр олонтаа гав, гинжтэй байсан ч гинжээ тастаж, гаваа хэсэглэн эвдчихдэг байв. Хэн ч түүнийг номхтгож эс чаджээ. Булшин дунд, ууланд өдөр шөнөгүй тэрээр орилж, чулуугаар өөрийгөө балбах аж. Есүсийг холоос харсан тэрээр гүйн ирж, Түүнд мөргөв. Тэгээд чанга дуугаар хашхиран —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Би Бурханаар Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэлээ. Учир нь Есүс —Бузар сүнс чи хүнээс гар гэж айлдсан ажээ. Есүс түүнээс —Нэр чинь хэн бэ? гэж асуусанд тэр —Бид олуулаа учир намайг Легион гэдэг гэв. Тэгээд өөрсдийг нь энэ нутгаас бүү зайлуулаач гэж тэр Түүнээс хүсэмжлэн гуйв. Тэнд уулын бэлд гахайн их сүрэг идшилж байлаа. Чөтгөрүүд Есүсээс —Биднийг гахай уруу явуулаач. Бид тэдний дотор оръё гэж гуйхад Есүс тэдэнд зөвшөөрөв. Бузар сүнснүүд гарч, гахайнуудад шүглэв. Хоёр мянга орчим гахайн сүрэг нуурын эгц ганга дээрээс ухасхийж, нууранд унан живцгээлээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна