Марк 4:21-41

Марк 4:21-41 АБ2013

Есүс тэдэнд айлдан —Дэнлүүг дэнлүүний суурин дээр тавихаас бус саван доор юмуу орон доор тавих гэж авчирдаггүй биз дээ? Нуугдмал юм байгаа бол зөвхөн илчлэгдэхийн тулд юм. Нууц юм байгаа бол зөвхөн илрүүлэгдэхийн тулд юм. Сонсох чихтэй нь сонсогтун гэв. Тэр тэдэнд —Та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно. Нэмж өгөгдөх ч болно. Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана гэв. Тэр —Бурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм. Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг тэр өөрөө ч мэдэхгүй. Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог. Харин үр боловсормогц, ургац хураах цаг болсон тул тэр даруй хадуур хүргэнэ гэв. Тэр —Бурханы хаанчлалыг бид юутай зүйрлүүлэх вэ? Эсвэл ямар сургаалт зүйрлэлээр илэрхийлэх вэ? Энэ нь хөрсөнд суулгах үед газар дээрх ямар ч үрээс жижиг байдаг гичний үр адил юм. Гэвч үрийг суулгасны дараа өсөж, ямар ч ургамал ногооноос илүү томорч, том мөчрүүд гарч, сүүдэрт нь огторгуйн шувууд үүрээ засдаг юм гэж айлдлаа. Есүс тийнхүү олон сургаалт зүйрлэлийг ойлгох чинээгээр нь тэдэнд хэлэв. Тэр сургаалт зүйрлэлгүйгээр тэдэнд ярьсангүй. Харин шавь нартаа бүгдийг аминчлан тайлбарлаж өгчээ. Тэр өдрийн орой Есүс тэдэнд —Цөмөөрөө нуур гатлан нөгөө тал уруу явцгаая гэхэд тэд хурсан олныг орхин, Түүнийг завин дээр байсан чигээр нь авч явсанд өөр завинууд ч дагалдав. Их салхи босож, давалгаа завийг цохин, завь хэдийнээ усанд автжээ. Есүс харин завины хитэгт дэрэн дээр унтаж байлаа. Тэд Түүнийг сэрээж, Түүнд —Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ. Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов. Тэр тэдэнд —Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ? гэхэд тэд маш их айж, бие биендээ —Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ? гэцгээв.