Марк 3:1-19
Марк 3:1-19 АБ2013
Тэгээд Тэр дахин синагогт ороход, тэнд хатангир гартай хүн байжээ. Тэд Түүнийг буруутгахын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх нь үү хэмээн Түүнийг ажиглаж байлаа. Есүс хатангир гартай хүнд —Урагшаа гарч ир тэдэнд —Амралтын өдөр сайныг үйлдэх эсвэл ёрын мууг үйлдэх, амь аврах эсвэл хөнөөхийн аль нь хуульд нийцэх вэ? гэсэнд тэд эс дуугарав. Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, зүрхнийх нь хатууд харамсаж, тэр хүнд —Гараа сунга гэв. Тэр гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа. Фарисайчууд гарч, Есүсийг хэрхэн хөнөөх талаар Түүний эсрэг тэр даруй Херодынхонтой зөвлөлджээ. Есүс шавь нарынхаа хамт нуурын зүг цаашлав. Мөн Галилаас үй олноороо дагаж байлаа. Бас Иудей, Иерусалим, Идум, Иорданы чанад, Тир болон Сидон хавиас үй олноороо Есүсийн үйлдсэн бүхнийг сонсоод Түүн дээр иржээ. Хурсан олонд бүчүүлэхгүйн тулд завь бэлэн байлгахыг шавь нартаа Тэр даалгав. Есүс олныг эдгээсэн тул өвчинд шаналагсад бүгд Түүнд гар хүрэх гэж дайрч байлаа. Бузар сүнснүүд Есүсийг хармагц өмнө нь унаж —Та бол Бурханы Хүү мөн гэж бархиралдаж байв. Өөрийг нь илчилж болохгүйг Тэр тэдэнд хатуу сануулав. Есүс уул өөд гарч, хүссэн хүмүүсээ дуудахад тэд Түүн дээр иржээ. Есүс арван хоёрыг томилон элч хэмээсэн нь тэднийг Өөртэйгөө хамт байлгаж, тунхаглуулахаар илгээх, чөтгөрүүдийг зайлуулах эрх мэдэлтэй байлгахын тулд байлаа. Тэр арван хоёрыг томилсон нь Симон (Тэр түүнд Петр гэдэг нэр өгчээ), Зебедеен хүү Иаков, Иаковын дүү Иохан (Тэр тэдэнд «Аянгын хөвгүүд» гэсэн утгатай Бонергес гэдэг нэр өгчээ), Андрей, Филип, Бартоломай, Матай, Томас, Алфайн хүү Иаков, Таддай, канаан хүн Симон, Есүсээс урвасан Искариотын Иудас нар байлаа.