Марк 15:27-47

Марк 15:27-47 АБ2013

Цэргүүд Есүстэй хамт хоёр дээрэмчнийг, нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. [«Тэр хилэнцтэнүүдийн хамт тоологдсон» гэсэн Бичвэр биелэгдэв.] Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгойгоо сэгсрэн Түүнийг доромжилж, —Өө! Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи, Өөрийгөө авраач! Наад загалмайнаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нарын хамт мөн адил элэглэн, өөр хоорондоо —Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Израилийн Хаан энэ Христ одоо загалмайнаас бууг, тэгвэл бид хараад итгэнэ гэж байв. Хамт цовдлогдогсод ч Түүнийг бас доромжилжээ. Зургадугаар цагаас эхлээд нийт нутгийг харанхуй нөмөрч есдүгээр цаг хүрэв. Есдүгээр цагт Есүс чанга дуугаар —Елой, Елой, лема сабахтани? (орчуулбал «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?») гэж хашхирлаа. Тэнд зогсогсдын зарим нь сонсоод, —Хараач, Тэр Елиаг дуудаж байна гэв. Нэг нь гүйж, далайн хөвөнд цагаан цуу шингээгээд хулсны үзүүрт торгоон, Түүнд уулгахаар өгөнгөө, —Елиа Түүнийг буулгаж авахаар ирэх эсэхийг харцгаая гэв. Есүс чанга дуу гаргаад, амьсгал хураав. Сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хуваагдан цуурлаа. Түүний эсрэг талд зогсож байсан зуутын дарга Есүсийг амьсгаа хураахыг хараад —Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв. Тэнд бас хэсэг эмэгтэйчүүд холоос харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон жижиг Иаков, Иос хоёрын эх Мариа, Саломе нар байв. Тэд Есүсийг Галилд байхад нь дагаж, Түүнд үйлчилдэг байсан юм. Иерусалимд Түүнтэй хамт ирсэн өөр олон эмэгтэй тэнд байсан билээ. Амралтын өдрийн урьдах бэлтгэлийн өдрийн орой болох үед, Бурханы хаанчлалыг хүлээж байсан Ариматын Иосеф гэгч Зөвлөлийн хүндэт гишүүн ирэв. Тэр зориглон Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад Пилат Есүсийг хэдийнээ үхсэнд гайхаж, зуутын захирагчийг дуудаад, Түүний аль хэдийнээ үхсэн эсэхийг асуужээ. Зуутын захирагчаас энэ тухай баттай мэдээд, Пилат цогцсыг Иосефт өгөв. Тэр маалинган даавуу худалдан авч, Түүнийг буулгаж даавуунд ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэгээд нэгэн бул чулууг өнхрүүлж, булшны үүдийг тэр таглажээ. Магдалын Мариа болон Иосын эх Мариа Түүний цогцсыг хаана тавихыг харжээ.