Марк 15:1-26
Марк 15:1-26 АБ2013
Өглөө болмогц ахлах тахилч нар, ахлагчид, хуулийн багш нар бүх Зөвлөлийн хамт зөвлөлдөөд, Есүсийг хүлж аваачин Пилатад өгөв. Пилат, Есүсээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуусанд Есүс хариуд нь —Та ч хэлж байна гэв. Ахлах тахилч нар Есүсийг олон зүйлд буруутгав. Пилат Түүнээс дахин асууж, —Та юу ч хариулахгүй юу? Тэд ямар олон зүйл Таны эсрэг тулгаж байгааг хараач гэв. Гэвч Есүс юу ч хариулсангүйд Пилат гайхав. Баяраар тэдний хүссэнчлэн нэг хоригдлыг сулладаг байлаа. Бослогын үеэр хүн алаад хоригдсон үймээн дэгдээгчдийн дунд Бараб гэгч эр байв. Хурсан олон ирж, өөрсдөд нь хийж заншсаныг Пилатаас гуйж эхлэв. Пилат тэдэнд —Иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэв. Учир нь ахлах тахилчид атаархсандаа Есүсийг барьж өгснийг тэр мэдэж байлаа. Гэвч ахлах тахилч нар Барабыг оронд нь сулла гэж гуй хэмээн хурсан олныг ятгав. Тиймд Пилат тэдэнд дахин —Тэгвэл та нарын иудейчүүдийн Хаан гэж [нэрлээд байгаа] Хүнийг надаар яалгамаар байна вэ? гэхэд тэд —Түүнийг цовдол гэж хашхиралдлаа. Харин Пилат —Яагаад? Тэр ямар муу юм үйлдсэн юм бэ? гэж асуухад тэд —Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа. Тэгэхэд Пилат хурсан олонд нийцүүлэхийг хүсэж, Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ. Тэгээд цэргүүд Есүсийг ордны хашаанд (тэр нь Праеториум юм) аваачиж бас бүтэн анги цуглуулав. Тэд Есүст час улаан нөмрөг нөмөргөж, сундуугаар титэм сүлжээд Түүн дээр тавьж — Иудейчүүдийн Хаанд мэндчилье гэж дооглон толгойг нь хулсаар цохилж, өөдөөс нь нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөцгөөж байлаа. Тэд Есүсийг дооглосны дараа, улаан нөмрөгийг нь тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор гадагш авч явлаа. Хөдөөнөөс ирээд түүгээр өнгөрч явсан Курений Симоныг албадаж Түүний загалмайг үүрүүлэв. Тэр Александр, Руф хоёрын эцэг билээ. Гавалын газар гэсэн утгатай Голгота хэмээх газар Түүнийг тэд авчирлаа. Цэргүүд Есүст мирр хольсон дарсыг өгсөн боловч Тэр авсангүй. Тэд Түүнийг цовдлоод, хэн юу авахаа шодож шавга хаяцгаан, хувцсыг нь хувааж авав. Тэд Түүнийг цовдлоход гуравдугаар цаг байсан юм. Ялынх нь пайзан дээр «Иудейчүүдийн Хаан» гэсэн бичээс байлаа.