Марк 14:53-72
Марк 14:53-72 АБ2013
Тэд Есүсийг тэргүүн тахилчийнд авчрав. Бүх ахлах тахилч нар, ахлагчид болон хуулийн багш нар цугласан байлаа. Петр тэргүүн тахилчийн хашаанд ортлоо Есүсийг алсуур дагажээ. Тэр бараа бологчдынх нь дунд сууж, галд дулаацан байв. Ахлах тахилч нар болон Зөвлөл даяараа Есүсийг хөнөөхийн тулд Түүний эсрэг гэрчлэл хайгаад юу ч олсонгүй. Учир нь олон хүн Есүсийн эсрэг хуурамч гэрчлэл өгсөн боловч гэрчлэлүүд нь таарахгүй байлаа. Зарим нь босоод, Есүсийн эсрэг хуурамчаар гэрчлэн — “Гараар баригдсан энэ сүмийг Би устгаж, гурван хоногийн дотор гараар баригдаагүй өөрийг босгоно” гэж Түүний хэлэхийг сонссон гэв. Үүнд ч тэдний мэдүүлгэ таарахгүй байлаа. Тэргүүн тахилч босож, голлон зогсоод, Есүсээс —Чамд хариулах юм алга уу? Чиний эсрэг эд нар юу гэрчилж байгаа юм бэ? гэж асуув. Гэвч Есүс дуугүй байж, юу ч хариулсангүй. Тэргүүн тахилч дахиж Түүнээс асуун —Чи Магтаалт Нэгэний Хүү, Христ мөн юм уу? гэлээ. Есүс —Би мөн. Та нар Хүний Хүүг Хүчит Нэгэний баруун талд заларч, тэнгэрийн үүлсээр ирэхийг харах болно гэв. Тэргүүн тахилч дээлээ хүү татан —Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Бурханыг доромжлохыг нь та нар сонслоо. Та нар юу гэж бодож байна? гэв. Есүс үхэх ёстой гэж бүгд яллав. Зарим нь өөдөөс нь нулимж, нүдийг нь боогоод нударгалан жанчиж эхлэн —Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа. Петрийг хашааны доохнуур байтал тэргүүн тахилчийн шивэгчингүүдийн нэг нь ирж, дулаацаж байгаа Петрийг үзээд түүнийг ширтэж —Чи ч бас Назарын Есүстэй хамт байсан шүү дээ гэв. Тэр харин үүнийг үгүйсгэж, —Юу ярьж байгааг чинь би мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй байна гэв. Петр гарч хашааны үүд уруу дөхөв. [Азарган тахиа донгодов.] Өнөөх зарц эмэгтэй түүнийг хараад, тэнд байгсдад дахин —Энэ тэдний нэг байна гэжээ. Гэвч Петр үүнийг дахиад л үгүйсгэжээ. Тэгтэл удалгүй тэнд байгсад Петрт —Чи гарцаагүй тэдний нэг мөн. Учир нь чи Галилынх юм байна гэлээ. Гэтэл тэр хараал тавин, тангараглаж —Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй гэв. Тэр мөчид азарган тахиа хоёр дахь удаагаа донгодлоо. Тэгээд Петр —Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь айлдаж байсныг саналаа. Тэр асгартал уйлав.